45 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт газар

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт газар

45.1.Засгийн газар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын бүс тогтооно. Хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох шалгуур үзүүлэлтийг хот байгуулалтын болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

45.2.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 45.1-д заасны дагуу хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газарт гэрээт харуул томилж ажиллуулна.

45.3.Түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

45.3.1.газар, түүний хэвлийг хөндөх;

45.3.2.мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй мод бут, төрөл бүрийн ургамал тарих;

45.3.3.энэ хуулийн 45.5-д зааснаас бусад зорилгоор гэр, сууц, барилга, байгууламж барих; /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

45.3.4.мал бэлчээх;

45.3.5.онцгой байдал үүссэнээс бусад тохиолдолд өөрөө явагч хэрэгсэл нэвтрүүлэх, нисэх онгоц буулгах;

45.3.6.ашигт малтмал эрэх, хайх, ашиглах;

45.3.7.мод, элс, хайрга, чулуу авах.

45.4.Түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд судалгаа шинжилгээ хийх, сэргээн засварлах, аялал жуулчлалын зорилгоор сурталчлах үйл ажиллагаа явуулж болно.

45.5.Түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд байгаа үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдлыг сайжруулах зорилгоор түүний эх төрх, бүрэн бүтэн байдалд нь хохирол учруулахгүй байх хэлбэрээр шинээр барилга байгууламж барьж, судалгаа, сурталчилгааны зориулалтаар ашиглаж болно. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

45.6.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энэ хуулийн 45.1-д заасан хамгаалалтын бүсийн эргэн тойронд Соёлын тухай хуульд нийцүүлэн соёлын орчин, орон зайг бий болгож болно. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

СОЁЛЫН ӨВИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.