46 дугаар зүйл. Соёлын биет өвийг сэргээн засварлах байгууллага

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Соёлын биет өвийг сэргээн засварлах байгууллага

46.1.Соёлын биет өвийг сэргээн засварлах ажлыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр боловсруулсан сэргээн засварлах зураг төслийн дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэн гэрээгээр гүйцэтгэнэ.

46.2.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд соёлын биет өвийг сэргээн засварлах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөл ажиллана. Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

46.3.Соёлын биет өвийг сэргээн засварлах зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 46.9-д заасан дүгнэлтэд үндэслэн олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

46.4.Хуульд өөрөөр заагаагүй бол соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага соёлын биет өвийг сэргээн засварлаж болно.

46.5.Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй сэргээн засварлахыг хориглоно.

46.6.Монгол Улсын хэмжээнд соёлын биет өвийг сэргээн засварлах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа Соёлын биет өвийг сэргээн засварлах газар гүйцэтгэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

46.7.Соёлын биет өвийг сэргээн засварлах ажилд туслан гүйцэтгэгчийг гэрээгээр ажиллуулж болно.

46.8.Энэ хуулийн 46.1-д заасан мэргэжлийн байгууллага, иргэн соёлын биет өвийг сэргээн засварлах зөвшөөрөл авах хүсэлтээ соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. Хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

46.8.1.сэргээн засварлах үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон албан бичиг, иргэний хувьд өргөдөл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

46.8.2.сэргээн засварлах ажлын төлөвлөгөө; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

46.8.3.түүхэн дурсгалт барилга архитектурын дурсгалын хувьд баталгаажсан зураг төсөл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

46.8.4.дотоод, гадаадын байгууллага, хувь хүнтэй хамтран хэрэгжүүлэх бол хамтын ажиллагааны гэрээ; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

46.8.5.сэргээн засварлах ажил гүйцэтгэх мэргэжилтний дэлгэрэнгүй танилцуулга. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

46.9.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын 10 өдөрт багтаан хүсэлтийг энэ хуулийн 14.1.12-т заасан соёлын биет өвийг сэргээн засварлах Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

46.10.Мэргэжлийн байгууллага, иргэн зөвшөөрөлд заасан хугацаанд сэргээн засварлах ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж, тайланг тухайн жилд багтаан соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

46.11.Мэргэжлийн байгууллага, иргэн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас зөвшөөрөлд заасан хугацаанд сэргээн засварлах ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд энэ тухай соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд мэдэгдэж, зөвшөөрлийн хугацааг сунгуулж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

46.12.Мэргэжлийн байгууллага, иргэн энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон бол соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвшөөрлийг хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.