8 дугаар зүйл. Соёлын өвийн зэрэглэл

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Соёлын өвийн зэрэглэл

8.1.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх бүрэн бүтэн байдал, түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг харгалзан улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалтын зэрэглэл тогтооно. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.2.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн эх төрх бүрэн бүтэн байдал, түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг харгалзан үнэт, хосгүй үнэт зэрэглэл тогтооно. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.3.Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлийг дараах шалгуураар тогтооно: /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

8.3.1.түүх, соёл, урлаг, гоо зүй, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол;

8.3.2.холбогдох цаг үе;

8.3.3.дахин давтагдашгүй байдал;

8.3.4.ур хийц, дэг сургууль;

8.3.5.үнэт металлын орц, эрдэнийн чулууны хэмжээ.

8.4.Соёлын биет бус өвийг түүх, соёл, урлаг, гоо зүйн болон шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг харгалзан соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний жагсаалт болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад бүртгэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.5.Энэ хуулийн 8.4-т заасан жагсаалтад оруулах соёлын биет бус өвийг дараах шалгуураар тогтооно: /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

8.5.1.түүх, соёл, заншил, уламжлалыг илэрхийлэх байдал;

8.5.2.ховордсон, устсан, эрсдэлд орсон байдал.

8.6.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг улсын хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журам, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журам, соёлын биет бус өвийг төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний жагсаалтад бүртгэх журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.7.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журам, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.8.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан зэрэглэлийг шатлан дэвшүүлэх зарчмаар тогтоох бөгөөд давхардуулж тогтоохгүй. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.