12 дугаар зүйл. Гэрээг цуцлах
12.1.Бүтээгдэхүүн хуваах гэрээг доор дурдсан үндэслэлээр Засгийн газрын шийдвэрээр цуцална:
12.1.1.хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ удаа дараа хэрэгжүүлээгүй нь эрх бүхий төрийн байгууллагаар тогтоогдсон;
12.1.2.захиалгын баримт бичиг болон хэлэлцээ хийх явцад нэмж ирүүлсэн баримт бичиг нь хууль бус болохыг эрх бүхий байгууллага гэрээ батлагдсанаас хойш тогтоосон;
12.1.3.газрын тостой холбогдсон үйл ажиллагааны талаар гэрээлэгч худал мэдээ, мэдээлэл, тайлан өгснөөс улсад үлэмж хэмжээний хохирол учирсан болох нь эрх бүхий төрийн байгууллагаар тогтоогдсон;
12.1.4.хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрх, үүргээ гэрээлэгч хууль бусаар шилжүүлсэн, энэ хуулийн 34.7, 34.8-д заасан эрх, үүргээ шилжүүлэхдээ энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд холбогдох төлбөрийг шилжүүлээгүй;
12.1.5.гэрээлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу удаа дараа ноцтой зөрчсөн;
12.1.6.гэрээлэгч нь энэ хуулийн 14.7-д заасан төлбөрийн хэмжээг худал мэдээлсэн.
12.2.Гэрээлэгч газрын тос, уламжлалт бус газрын тосны ашиглалт явуулах нь эдийн засгийн үр ашиггүй гэж үзсэн, эсхүл онц байдал, давагдашгүй хүчин зүйл нэг ба түүнээс дээш жил үргэлжилбэл гэрээг цуцлах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад хүргүүлж болно.
12.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 12.2-т заасан хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дүгнэлт гаргаж, төрийн захиргааны төв байгууллагад хүргэнэ.
12.4.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12.3-т заасан дүгнэлтийг 30 хоногийн дотор хянан үзэж, холбогдох саналыг Засгийн газарт хүргүүлнэ.
12.5.Энэ хуулийн 12.1-д заасан үндэслэлээр бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалсан тохиолдолд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг нөхөж олгохгүй бөгөөд энэ хуулийн 11.2.9-д зааснаар эскроу дансанд байршуулсан мөнгийг байгаль орчныг бүрэн гүйцэд нөхөн сэргээх, шаардлагатай тохиолдолд хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгахад зарцуулж, үлдсэн мөнгийг гэрээлэгчид буцаан олгоно.