11 дугаар зүйл. Гэрээлэгчийн эрх, үүрэг

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Гэрээлэгчийн эрх, үүрэг

11.1.Гэрээлэгч дараах эрх эдэлнэ:

11.1.1.гэрээний дагуу энэ хуулийн 7.1.5, 7.1.6-д зааснаас бусад өөрт ногдох газрын тосыг захиран зарцуулах;

11.1.2.гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ энэ хуульд заасны дагуу бусдад шилжүүлэх;

11.1.3.шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны байгууллагын зөвшөөрснөөр жилийн төлөвлөгөө, төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах;

11.1.4.энэ хуулийн 13.1-д заасан үүргээ бүрэн биелүүлсэн бол эскроу дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан авах;

11.1.5.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд хайгуулын талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаах;

11.1.6.гэрээлэгчийн захиргааны зардал нь тухайн жилийн өртөг нөхөх зардлын тав хүртэл хувь байх.

11.2.Гэрээлэгч дараах үүрэг хүлээнэ:

11.2.1.Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдөж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх;

11.2.2.гэрээнд заасан үйл ажиллагааг явуулах;

11.2.3.жилийн төлөвлөгөө, төсвийг төрийн захиргааны байгууллагаар батлуулж, хэрэгжүүлэх;

11.2.4.Засгийн газар энэ хуулийн 7.1.6-д заасан давуу эрх эдлэх тохиолдолд бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнэ, нөхцөлөөр нийлүүлэх;

11.2.5.өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгох.

11.2.6.хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах;

11.2.7.үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсын иргэн-мэргэжилтэн, мэргэжлийн ажилчдыг ажилд авах, сургах, дадлагажуулах, газрын тосны салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд таниулахад төрийн захиргааны байгууллагатай хамтарч ажиллах;

11.2.8.ижил төрлийн ажил хөдөлмөр эрхлэгч гадаад, дотоодын ажилтны цалин, урамшууллыг тэгш тогтоох, түүнчлэн ажилтны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах;

11.2.9.байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын гурван хувь, ашиглалтын үед гэрээлэгчид ногдох ашигт газрын тосны нэг хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жил бүр төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 хоногийн дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд байршуулах;

11.2.10.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу бүрэн хийж дуусгах, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах ажлын зардлыг гаргах;

11.2.11.хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах автомашин, техник, тоног төхөөрөмж, материал түүхий эд, сэлбэг хэрэгсэл, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлохдоо тэдгээрийн нэр төрөл, тоо хэмжээ, нэгж үнийн мэдээлэл, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт барьж байгуулах барилга байгууламжийн зураг төсөл, техникийн баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх;

11.2.12.төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуул, ашиглалттай холбогдсон анхдагч болон үр дүнгийн тайлан, материалыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;

11.2.13.газрын тосны нөөцийн хөдөлгөөний тооцоог жил бүр гаргаж, төрийн захиргааны байгууллагаар хянуулах;

11.2.14.санхүүгийн тайлан, өртөг нөхөгдөх зардлын тайлан, газрын тос хуваах тооцоог энэ хуулийн 7.1.4-т заасан журмын дагуу үнэн зөв гаргаж, төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх;

11.2.15.үйл ажиллагааных нь явцад түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд тухайн газарт явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоон, нэн даруй холбогдох байгууллагад мэдэгдэх;

11.2.16.үйл ажиллагааны тайлан, хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой аливаа мэдээллийг Засгийн газрын хүсэлтээр гарган өгөх;

11.2.17.ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах;

11.2.18.газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад байгаль орчин, нөхөн сэргээлт, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах асуудлаар тогтмол мэдээлэх үүрэг бүхий ажилтантай байх;

11.2.19.газрын тосыг орон нутаг, улсын болон олон улсын чанартай замд хүргэх замын төрөл түүнчлэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгахад шаардагдах хөрөнгийг орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах;

11.2.20.гэрээлэгч нь техникийн осол, саатал, алдагдал урт хугацаанд үргэлжлэн санхүүгийн хүнд байдалд орсон нь тогтоогдсон, шүүхийн шийдвэр болон улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоосон, давагдашгүй хүчин зүйл, бусад шалтгаанаар хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагааг зогсоохдоо газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдэх.

11.3.Монгол Улсын аж ахуйн нэгжийн хүрэлцээ, тухайн үйл ажиллагааг гүйцэтгэхэд тавигдаж байгаа шаардлагад нийцэхгүйгээс шалтгаалан гэрээлэгч энэ хуулийн 11.2.5-д заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон бөгөөд түүнийг зохих ёсоор нотолсон бол төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр уг үүргээс бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж болно.

11.4.Оператор компани нь Компанийн тухай хуульд заасан эрх, үүргээс гадна энэ хуулийн 11.2.1-11.2.8, 11.2.12-11.2.20-д заасан үүргийг хүлээнэ.

11.5.Туслан гүйцэтгэгч нь Компанийн тухай хуульд заасан эрх, үүргээс гадна энэ хуулийн 11.2.1, 11.2.7, 11.2.10-11.2.12, 11.2.15-д заасан үүргийг хүлээнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.