17 дугаар зүйл. Эрлийн ажлын үр дүн, бүтээгдэхүүн хуваах гэрээ
17.1.Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын анхдагч материал, үр дүнгийн тайлан мэдээг төрийн захиргааны байгууллагад өгч дүгнэлт гаргуулах үүрэгтэй.
17.2.Эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын үр дүнгийн тайланг төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулснаас хойш 60 хоногийн хугацаанд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналаа ирүүлнэ.
17.3.Эрэл хийсэн этгээд доор дурдсан нөхцөлийг тусгасан бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг боловсруулж төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:
17.3.1.ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хувь;
17.3.2.нөөц ашигласны төлбөрийн хувь;
17.3.3.өртөгт газрын тосны хязгаарын хувь;
17.3.4.хайгуулын хөрөнгө оруулалтын хэмжээ;
17.3.5.байгаль орчны нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгийн хэмжээ;
17.3.6.сургалтын урамшууллын хэмжээ;
17.3.7.гэрээнд гарын үсэг зурсны урамшууллын хэмжээ;
17.3.8.олборлолт эхэлсний урамшууллын хэмжээ;
17.3.9.олборлолт нэмэгдүүлсний урамшууллын хэмжээ;
17.3.10.орон нутгийг хөгжүүлэх урамшууллын хэмжээ;
17.3.11.төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэг;
17.3.12.Засгийн газарт санал болгох бусад ашигтай нөхцөл.
17.4.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 17.3-т заасан төслийг хүлээн авмагц энэ хуулийн 17.3, 21.2, 26.3-т заасан этгээдтэй 60 хоногийн дотор гэрээний төслийн талаар хэлэлцээ хийж эцэслэн тохиролцсон төслийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
17.5.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 17.4-т заасан гэрээний төслийг 30 хоногийн дотор хянаж үзээд саналаа Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Засгийн газар уг саналыг хүлээж авснаас хойш 60 хоногийн дотор гэрээ байгуулах эсэх талаар шийдвэр гаргана.
17.6.Засгийн газар гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд төрийн захиргааны байгууллага 30 хоногийн дотор гэрээ байгуулж энэ талаар нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
17.7.Энэ хуулийн 17.4-т заасан хэлэлцээ хийх явцад талууд тохиролцоонд хүрч чадаагүй бол газрын тосны эрлийн талбайг энэ хуулийн 19.1-д заасны дагуу хайгуулын талбайгаар зарлана.
17.8.Нэг талбайд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалт явуулах тохиолдолд гэрээлэгч нь нэг байж болох бөгөөд төрөл тус бүрээр нь гэрээ байгуулж, тусгай зөвшөөрөл авна.
ХАЙГУУЛ