18 дугаар зүйл. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сунгах

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сунгах

18.1.Энэ хуулийн 17.6-д заасан гэрээлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

18.2.Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

18.2.1.бүтээгдэхүүн хуваах гэрээний хуулбар;

18.2.2.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

18.2.3.тухайн жилд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;

18.2.4.энэ хуулийн 11.2.9-д заасан мөнгөн хөрөнгийг байршуулсан баримт.

18.3.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 18.1, 18.2-т заасан баримт бичгийг хянан үзэж, хайгуулын тусгай зөвшөөрлийг хайгуулын хугацаагаар дараах этгээдэд олгож, сунгана:

18.3.1.эрлийн ажлын үр дүнд бүтээгдэхүүн хуваах гэрээ шууд байгуулсан;

18.3.2.энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулсан.

18.4.Газрын тосны хайгуулын хугацаа найм хүртэл жил байх бөгөөд уг хугацааг төрийн захиргааны байгууллага хоёр хүртэл жилээр хоёр удаа сунгаж болно.

18.5.Уламжлалт бус газрын тосны хайгуулын хугацаа арав хүртэл жил байх бөгөөд уг хугацааг төрийн захиргааны байгууллага тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно.

18.6.Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан өдрөөс хайгуулын хугацааг тооцно.

18.7.Хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцно.

18.8.Төрийн захиргааны байгууллага эхний жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хойш 120 хоногийн дотор, дараагийн жилээс хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг тухайн жилийн эхний улиралд багтаан батална.

18.9.Төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 18.3-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр хүртэл жилээр хоёр удаа сунгаж болох бөгөөд энэ тохиолдолд гэрээлэгч доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, төрийн захиргааны байгууллагаар дамжуулан төрийн захиргааны төв байгууллагад хугацаа сунгах хүсэлтээ ирүүлнэ:

18.9.1.хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлан;

18.9.2.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын тайлан;

18.9.3.сунгасан хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл.

18.10.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 18.9-д заасан баримт бичгийг хянаж хугацааг сунгах үндэслэлтэй гэж үзвэл энэ хуульд заасан хугацаагаар сунгана.

18.11.Төрийн захиргааны байгууллага нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон болон сунгасан талаар тухайн нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

18.12.Хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгэх үүргээ хоёр буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд хайгуулын хугацааг сунгахгүй.

18.13.Засгийн газраас давуу эрхээр олгосон талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрт олгоно. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.