24 дугаар зүйл. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, сунгах

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, сунгах

24.1.Газрын тосны нөөцийг хүлээн авах тухай төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэрээлэгч ашиглалтын үйл ажиллагаа явуулах тухай хүсэлт гаргана.

24.2.Гэрээлэгч ашиглалт эхлэхээс өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл авах бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс ашиглалтын хугацаа эхэлнэ.

24.3.Ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох хуулийн дагуу төрийн захиргааны төв байгууллага гэрээлэгчид олгож, сунгана.

24.4.Гэрээлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад дараах баримт бичгийг бүрдүүлж төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

24.4.1.газрын тосны нөөц бүртгэсэн тухай төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр;

24.4.2.тухайн жилд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл;

24.4.3.орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө;

24.4.4.ашиглалтын үеийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ;

24.4.5.эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас баталсан нэг загварын байр зүйн зураг дээр ашиглалтын талбайн булангийн цэгүүдийн солбицлыг градус, секундээр тодорхойлж тэмдэглэсэн зураг;

24.4.6.энэ хуулийн 11.2.9-д заасан мөнгөн хөрөнгийг байршуулсан баримт.

24.5.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тохиолдолд гэрээлэгч дараах баримт бичгийг бүрдүүлэн төрийн захиргааны байгууллагаар дамжуулан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

24.5.1.ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлт, үндэслэл;

24.5.2.ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлан;

24.5.3.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын тайлан;

24.5.4.тухайн жилд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл.

24.6.Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 90 хоногийн дотор энэ хуулийн 24.4.5-д заасны дагуу ашиглалтын талбайн хилийн хэмжилт хийж, шав тэмдэг тавих ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.

24.7.Төрийн захиргааны төв байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон болон сунгасан талаар тухайн нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

24.8.Энэ хуулийн 18.13-т заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төрийн захиргааны төв байгууллага нь ашиглалт эхлэхээс өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.