25 дугаар зүйл. Газрын тосны ашиглалт
25.1.Гэрээлэгч хайгуулын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дотор ашиглалтын үйл ажиллагаа явуулах эсэх тухай хүсэлт гаргаагүй тохиолдолд бүтээгдэхүүн хуваах гэрээг дуусгавар болгож, тухайн талбайд ашиглалт явуулах этгээдийг энэ хуулийн 20, 26 дугаар зүйлд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулна.
25.2.Газрын тосны ашиглалтын хугацаа 25 хүртэл жил байх бөгөөд гэрээлэгч ашиглалтын хугацааг сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага тав хүртэл жилээр хоёр удаа сунгаж болно.
25.3.Уламжлалт бус газрын тосны ашиглалтын хугацаа 30 хүртэл жил байх бөгөөд гэрээлэгч ашиглалтын хугацааг сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага нэг удаа тав хүртэл жилээр сунгаж болно.
25.4.Гэрээлэгч бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхдээ дэд бүтэц, байгаль орчны асуудлаар холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагаас зохих зөвшөөрөл авна.
25.5.Газрын тосны орд, газрын тосны хуримтлалтай хураагуур нь хоёр ба түүнээс дээш, ашиглалтын талбайн хил заагийг дамнан байрших тохиолдолд гэрээлэгчид нь хамтран ашиглах гэрээ байгуулан ашиглалтын нэгдсэн төлөвлөгөө, төсөв боловсруулж төрийн захиргааны байгууллагаар батлуулна.
25.6.Гэрээлэгч нь энэ хуулийн 25.5-д заасныг хэрэгжүүлэхээс татгалзсан тохиолдолд тухайн газрын тосны хуримтлалтай хураагуурыг хэрхэн ашиглах талаарх шийдвэрийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох хууль тогтоомж, шинжлэх ухааны аргачлалд үндэслэн шийдвэрлэнэ.
25.7.Гэрээлэгч ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 60 хоногийн дотор ашиглалтын эхний жилийн төлөвлөгөө, төсвийг төрийн захиргааны байгууллагаар батлуулна.
25.8.Гэрээлэгч ашиглалтын хоёр дахь жилээс эхлэн тухайн жилийн ашиглалтын төлөвлөгөө, төсвийн төслийг хуанлийн өмнөх жил дуусахаас 90 хоногийн өмнө төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
25.9.Гэрээлэгч баталгаат нөөцөөс ашиглалтын үйл ажиллагааг явуулах бөгөөд энэ хэсэг олборлолтын туршилтад хамаарахгүй.
25.10.Гэрээлэгч газрын тосны ордын нөөцийг ашиглах дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлнэ.