26 дугаар зүйл. Ашиглалтын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах
26.1.Дараах тохиолдолд ашиглалтын талбайд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана:
26.1.1.газрын тосны нөөцийг хүлээн авсан тухай төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсны дараа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаагүй;
26.1.2.улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг тогтоосон;
26.1.3.өмнөх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын үйл ажиллагаа явуулахаас татгалзаж талбайг буцааж өгсөн;
26.1.4.өмнөх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль тогтоомж зөрчсөний улмаас түүний ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон талбайг буцаан авсан;
26.1.5.ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж талбайг буцааж авсан;
26.1.6.шүүхийн шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
26.2.Энэ хуулийн 26.1-д заасан талбайд энэ хуулийн 8.1.3-т заасан журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, гэрээлэгчийг сонгон шалгаруулна.
26.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.2-т заасан сонгон шалгаруулалтын ялагчтай бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг тохиролцож, төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
26.4.Энэ хуулийн 26.2-т заасан хуулийн этгээдтэй энэ хуулийн 17.5, 17.6-д заасны дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно.