30 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн төлбөр, түүнийг хуваарилах
30.1.Гэрээлэгч газрын тосны хайгуулын болон ашиглалтын үед тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлнө.
30.2.Хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр нь гэрээт талбайн нэг хавтгай дөрвөлжин километр тутамд гурван америк доллартай тэнцэх хэмжээний төгрөг байна.
30.3.Хайгуулын хугацааг сунгасан тохиолдолд тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр нэг хавтгай дөрвөлжин километр тутамд найман америк доллартай тэнцэх хэмжээний төгрөг байна.
30.4.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр нь нэг хавтгай дөрвөлжин километр тутамд 100 америк доллартай тэнцэх хэмжээний төгрөг байна.
30.5.Ашиглалтын хугацааг сунгасан тохиолдолд гэрээт талбайн жилийн төлбөр нэг хавтгай дөрвөлжин километр тутамд 200 америк доллартай тэнцэх хэмжээний төгрөг байна.
30.6.Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах сум, дүүргийн төсөвт, 20 хувийг аймаг, нийслэлийн төсөвт, 70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилна.
30.7.Тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухайн санхүүгийн жил эхэлснээс хойш 30 хоногийн дотор төлнө.
30.8.Тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 30.7-д заасан хугацаанд төлөөгүй бол энэ хуулийн 30.2-30.5-д заасан төлбөрийн гуравны нэгтэй тэнцэх торгуулийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нэмж тооцон төлнө.