42 дугаар зүйл. Бусад ашигт малтмал илрэх, талбай давхцах
42.1.Хайгуулын явцад байгалийн хийн агууламж илэрсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллагад ажлын гурван өдрийн дотор мэдэгдэх бөгөөд тухайн гэрээлэгчтэй байгалийн хийн талаар тусад нь гэрээ байгуулж болно.
42.2.Гэрээлэгч нь хайгуул, ашиглалтын хугацаанд газрын тос, уламжлалт бус газрын тосноос өөр ашигт малтмал илрүүлбэл төрийн захиргааны байгууллагад 15 хоногийн дотор мэдэгдэх бөгөөд уг ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.
42.3.Түүхий тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа нь давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид харилцан гэрээ байгуулж, бие биенийхээ үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллана.
42.4.Энэ хуулийн 42.3-т зааснаар ажиллах боломжгүй бол уг асуудлыг энэ хуулийн 7.1.10-т заасны дагуу шийдвэрлэнэ.
42.5.Засгийн газар энэ хуулийн 42.4-т зааснаар шийдвэрлэхдээ аль нэг талын үйл ажиллагааг бүрэн зогсооход хүрвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул, ашиглалтын үед гарсан бүх зардлыг тусгай зөвшөөрөл авсан тал нь нөхөн төлнө.