7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

7.1.Засгийн газар газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.газрын тосны үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

7.1.2.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу газрын тосны салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих;

7.1.3.энэ хуулийн 6.1.2-т зааснаас бусад тусгай хэрэгцээний газарт бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэх;

7.1.4.нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах; газрын тосны бүртгэл, тооцоо; уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулах тухай журмыг батлах;

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.5.нөөц ашигласны төлбөр, ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хэсгийг гэрээлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр газрын тос, уламжлалт бус газрын тосны биет бүтээгдэхүүн болон мөнгөн хэлбэрээр төвлөрүүлэх;

7.1.6.Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барьсан тохиолдолд гэрээлэгчид ногдох газрын тос болон өртөгт газрын тосыг тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр худалдаж авах давуу эрхийг эдлэх;

7.1.7.улсын хил дамнасан газрын тосны хуримтлал бүхий хураагуур, газрын тосны орд тогтоогдсон тохиолдолд түүнийг Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулах;

7.1.8.бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, цуцлах эрхийг олгох, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

7.1.9.улсын хилийн зурваст газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах асуудлыг шийдвэрлэх;

7.1.10.газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын талбайтай бусад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбай давхацсан тохиолдолд нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэн шийдвэрлэх;

7.1.11.газрын тос борлуулах зориулалт бүхий дамжуулах хоолой барих зөвшөөрөл олгох;

7.1.12.бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг батлах;

7.1.13.энэ хуулийн 11.2.17-д заасан гэрээний загварыг батлах.

7.1.14.газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайг Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрт давуу эрхээр олгох бөгөөд уг талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахтай холбогдсон харилцааг Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулах. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.