8 дугаар зүйл. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
8.1.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ газрын тосны асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1.газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах;
8.1.2.газрын тосны тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
8.1.3.газрын тосны баялгийн үнэлгээ, нөөцийн тооцооны тайланд тавих шаардлага; газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын анхдагч болон үр дүнгийн тайланд тавих шаардлага; газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тавих шаардлага; гэрээлэгчийг сонгон шалгаруулах тухай; газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах; газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох журмыг батлах;
8.1.4.хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах;
8.1.5.хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хугацааг нь сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
8.1.6.газрын тосны нөөцийн тооцооны тайлан, орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах;
8.1.7.газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд холбогдох байгууллагатай хамтран шалгалт хийх;
8.1.8.газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээх ажлын үр дүнг хүлээн авах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;
8.1.9.газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм батлах;
8.1.10.газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох;
8.1.11.газрын тос борлуулах зориулалт бүхий дамжуулах хоолой барих саналыг Засгийн газарт өргөн мэдүүлэх.