9 дугаар зүйл. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

9.1.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/ газрын тосны асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1.газрын тосны тухай хууль тогтоомж, Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах;

9.1.2.хайгуулын талбайд захиалга хүлээн авах, гэрээлэгчийг сонгон шалгаруулах, энэ хуулийн 7.1.8-д заасны дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах;

9.1.3.газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлын жилийн төлөвлөгөө, төсвийг батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих;

9.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрх, үүргээ биелүүлэхтэй нь холбогдсон асуудлаар зөвлөгөө, чиглэл өгөх;

9.1.5.газрын тос, уламжлалт бус газрын тосны нөөцийн хөдөлгөөнийг хянах, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлэх;

9.1.6.ашиглалтын талбайн хэмжээ, түүний хилийн заагийн булангийн цэгийн солбицлыг гэрээлэгчтэй харилцан тохиролцох;

9.1.7.газрын тос, уламжлалт бус газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал, дүгнэлт гаргах;

9.1.8.гэрээлэгчийн тухайн жилийн хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг хянаж нэгтгэх;

9.1.9.газрын тосны борлуулалтын орлогоос Засгийн газарт ногдох орлого, энэ хуулийн 30, 31, 34 дүгээр зүйлд заасан төлбөр, урамшууллыг хугацаанд нь төсөвт төвлөрүүлэх;

9.1.10.хайгуул, ашиглалтын талбайд гүйцэтгэсэн газрын тос, уламжлалт бус газрын тосны геологи, геофизик, гидрогеологи, геохими, өрөмдлөг, хайгуул, ашиглалттай холбогдсон үйл ажиллагааны анхдагч мэдээлэл, тайлан, материалыг хүлээн авах, хянах;

9.1.11.газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж, хүлээн авах;

9.1.12.газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлын тайлан боловсруулах журам батлах, мөрдүүлэх;

9.1.13.хайгуул, ашиглалтын талбайг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь буцаан авах ажлыг зохион байгуулах;

9.1.14.байгалийн байдлаараа оршиж байгаа газрын тосны хураагуурын орон зайд газрын тос хадгалах зөвшөөрөл олгох;

9.1.15.газрын тос, уламжлалт бус газрын тосыг тээвэрлэх асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах;

9.1.16.газрын тосны барилга байгууламж, дамжуулах хоолойн зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хянуулах, дүгнэлт гаргуулах;

9.1.17.туслан гүйцэтгэгчээр хийлгэх ажлын техникийн шаардлагыг хянах;

9.1.18.газрын тосны хуримтлал, орд нь хоёроос дээш хайгуул, ашиглалтын талбай дамнасан тохиолдолд энэ хуулийн 25.5, 25.6-д заасны дагуу зохицуулах;

9.1.19.газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах стандарт, дүрэм, журам, зааврыг боловсруулж батлуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

9.1.20.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн газрын тостой холбогдсон үйл ажиллагааг хуульд заасан үндэслэлээр бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түр хугацаагаар зогсоох, тус шийдвэрээ төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдсэн байх;

9.1.21.бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх саналыг төрийн захиргааны төв байгууллагад гаргах;

9.1.22.гэрээлэгч нь хайгуулын хугацаанд байгалийн хий хайх үүргээ биелүүлээгүй бол тухайн талбайд байгалийн хийн чиглэлээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлах;

9.1.23.хуульд заасан бусад чиг үүрэг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.