21 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөл

МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөл

21.1.Давхар даатгалын компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд санхүүгийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, даатгуулагч болон даатгагчийн төлөөллийг оруулна.

21.2.Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.2.1.даатгалын бүтээгдэхүүн актуар тооцоолол болон бусад техник судалгааг хийж, зөвлөмж гаргах, аргачлалаар хангах, шаардлагатай бол дүгнэлт гаргах;

21.2.2.давхар даатгалын компанийн стратеги болон үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

21.2.3.энэ хуулийн 27.1-д заасан сангийн хөрөнгийг удирдах, захиран зарцуулах шийдвэр гаргах;

21.2.4.Хамтын эрсдэлийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаарх тайланг жил бүр хэлэлцэж, сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах;

21.2.5.давхар даатгалын хураамжийн орлого, зарлагын талаар гүйцэтгэх захирлын тайланг хэлэлцэх;

21.2.6.даатгалын гэрээний загварыг батлах;

21.2.7.олон улсын давхар даатгагчид давхар даатгуулах шийдвэр гаргах; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.2.8.шаардлагатай гэж үзвэл малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаатай холбогдуулан даатгалын компанид хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд тавих;

21.2.9.хууль болон давхар даатгалын компанийн дүрэмд заасан бусад эрх, үүрэг.

21.3.Давхар даатгалын компанийн дүрэмд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захиралд тавигдах шаардлагыг тусгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.