4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа" гэж даатгуулагчид учирсан бодит хохирлоор бус, даатгалын хамрах хугацаанд сумын хэмжээнд гарсан том малын хорогдлын хувь босго үзүүлэлтээс давсан тохиолдолд босго үзүүлэлтээс давсан хувь болон даатгалын үнэлгээнээс тооцож, даатгуулагчид нөхөн төлбөр олгох даатгалын үйл ажиллагаа буюу Даатгалын тухай хуулийн 4.3-т заасан үйл ажиллагааг;

4.1.2."сумын малын хорогдол" гэж жилийн эцсийн болон хагас жилийн мал тооллогын албан ёсны дүн мэдээнд үндэслэн тооцоолсон том малын хорогдлын тоог;

4.1.3."малын хорогдлын босго үзүүлэлт /цаашид "босго үзүүлэлт" гэх/ гэж Засгийн газраас сум бүрт малын төрлөөр ялгавартай тогтоосон том малын хорогдлын хувийг;

4.1.4."том малын хорогдол" гэж тухайн жилийн оны эхнээс хагас жилийн мал тооллого хүртэл хугацаанд зүй бусаар хорогдсон төлөөс бусад насны малын тоог;

4.1.5."малын индексжүүлсэн даатгалын тохиолдол" /цаашид "даатгалын тохиолдол" гэх/ гэж энэ хуулийн 4.1.6-д заасан даатгалын хамрах хугацаанд тухайн сумын малын хорогдол босго үзүүлэлтээс давсан нөхцөл байдал үүсэхийг;

4.1.6."даатгалын хамрах хугацаа" гэж тухайн оны жилийн эцсийн мал тооллогоос дараа оны хагас жилийн мал тооллого хүртэл хугацааг;

4.1.7."малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөр" /цаашид "нөхөн төлбөр" гэх/ гэж даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгуулсан малын төрөл тус бүрт даатгагчаас даатгуулагчид даатгалын гэрээний дагуу олгох мөнгөн хөрөнгийг;

4.1.8."малын индексжүүлсэн даатгалын гэрээ" /цаашид "даатгалын гэрээ" гэх/ гэж даатгагч даатгалын тохиолдол бий болоход энэ хууль болон даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр төлөх, даатгуулагч даатгалын хураамж төлөхөөр харилцан тохиролцсон хэлцлийг;

4.1.9."давхар даатгалын компани" гэж энэ хуулийн 18.1-д заасан давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулах, тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг; /Энэ заалтыг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.1.10."Дунд түвшний эрсдэлээс хамгаалах сан" гэж энэ хуулийн 8.1.2-т заасан түвшинд гарсан давхар даатгалын нөхөн төлбөр төлөх зориулалттай санг;

4.1.11."Дээд түвшний эрсдэлээс хамгаалах сан" гэж энэ хуулийн 8.1.3-т заасан түвшинд гарсан нөхөн төлбөр төлөх зориулалттай санг;

4.1.12."Алдагдлаас хамгаалах сан" гэж даатгалын хохирлыг нөхөн төлөхөд зориулсан, энэ хуулийн 4.1.10, 4.1.11-д заасан сангийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд ашиглах зориулалт бүхий санг;

4.1.13."Хамтын эрсдэлийн сан" гэж даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг хамтран хариуцахаар хэд хэдэн даатгагч хамтарч энэ хуулийн дагуу байгуулсан санг;

4.1.14."малын давхар даатгалын гэрээ" /цаашид "давхар даатгалын гэрээ" гэх/ гэж даатгагч даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ давхар даатгалын компанид хэсэгчлэн шилжүүлэхээр харилцан тохиролцсон хэлцлийг;

4.1.15."олон улсын давхар даатгалын гэрээ" гэж давхар даатгалын компани даатгагчийн өмнө хүлээсэн үүргээ багцлан гадаад улсын давхар даатгалын компанид бүрэн, эсхүл хэсэгчлэн шилжүүлэхээр харилцан тохиролцсон хэлцлийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.