17 дугаар зүйл. Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

17.1.Банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээд, харилцан хамаарал бүхий этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй.

17.2.Банкнаас гаргах баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна.

17.3.Банкнаас холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн таван хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй бөгөөд ийнхүү олгохдоо дараахь шаардлагыг баримтална:

17.3.1.зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцэлд тавих шаардлага, хүү, нөхцөл нь тухайн банкны үйл ажиллагааны ердийн шаардлага, хүү, нөхцөлөөс хөнгөлөлттэй байж болохгүй;

17.3.2.тухайн банкны хувьцааг барьцаалан зээл олгохгүй, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө үүсгэхгүй, баталгаа, батлан даалт гаргахгүй байх;

17.3.3.олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгийн төлөгдөх хугацаа болон гаргасан баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн дуусах хугацаа нь зургаагаас дээш сараар хэтэрсэн, эсхүл тухайн этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийт дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн таван хувиас хэтэрсэн бол уг этгээд банкны удирдах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохгүй байх.

17.4.Энэ хуулийн 17.5-д зааснаас бусад тохиолдолд банкны худалдан авах үнэт цаасны нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй бөгөөд нэг компанийн гаргасан хувьцааны 10 хувиас дээшгүй байна. Үүнд Засгийн газар, Төв банкны үнэт цаас, нийслэлийн үнэт цаас, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн хувьцаа хамаарахгүй. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

17.5.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авах нийт дүн банкны өөрийн хөрөнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

17.6.Монголбанк энэ хуулийн 17.1-д заасан хязгаарлалтыг тооцохдоо олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоогч байгууллагын "А"-аас доошгүй үнэлгээ бүхий санхүүгийн байгууллагаас гаргасан баталгаа, батлан даалттай, тэдгээртэй эрсдэл хуваах хэлцлийн дагуу баталгаажсан активыг хамруулахгүй байж болно.

17.7.Энэ хуулийн 17.1-17.5-д заасан хязгаарлалтыг тооцох, хангах, тайлагнах, хяналт тавих журмыг Монголбанк батална.

17.8.Банк үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид зээл олгохыг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

17.9.Банкнаас холбогдох этгээдтэй хийх хэлцэл нь банкны ердийн үйл ажиллагааны хүрээнд бусад этгээдтэй хийх хэлцлээс хөнгөлөлттэй байж болохгүй бөгөөд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхэд холбогдох хуульд заасан шаардлага, журмыг баримтална.

17.10.Энэ хуулийн 17.8, 17.9 -д заасныг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

17.11.Банк энэ хуулийн 17.1-17.5-д заасан хязгаарлалтыг хэтрүүлсэн бол Монголбанк уг хэтрүүлсэн дүнг тухайн банкны өөрийн хөрөнгөөс хасаж тооцно.

БАНК БАЙГУУЛАХ, БАНКИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.