16 дугаар зүйл. Банкинд тавих шаардлага

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Банкинд тавих шаардлага

16.1.Банк дараахь шаардлагыг хангаж ажиллана:

16.1.1.заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх;

16.1.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлэх; /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

16.1.3.харилцагч хэд хэдэн банкаар үйлчлүүлэхэд хязгаарлалт тавихгүй байх;

16.1.4.харилцагчийн зөвшөөрөлгүйгээр данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх ба энэ заалт нь хууль тогтоомжид заасан хугацаанд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө барагдуулаагүй татвар, шимтгэл төлөгчийн харилцагч банк дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг үл маргах журмаар гаргуулахад хамаарахгүй; /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.5.тухайн банкнаас үзүүлэх үйлчилгээний урьдчилсан нөхцөл болгож тухайн банкны нэгдлийн оролцогч, өөрийн салбар, төлөөлөгчийн газар болон бусад үйлчилгээгээр үйлчлүүлэхийг харилцагчаас шаардахгүй байх.

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.2.Банк өөрийн үйл ажиллагааны тухай мэдээллийг Монголбанкнаас тогтоосон бүртгэлийн зарчим, жишгийн дагуу харилцагч этгээдэд үнэн зөвөөр гаргаж өгнө.

/Энэ хэсгийн "16.3"-г 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.