20 дугаар зүйл. Банк үүсгэн байгуулахад бүрдүүлэх баримт бичиг
20.1.Банк үүсгэн байгуулагч болон банкны хувьцаа эзэмшигч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлд заасан баримт бичгээс гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.1.1.банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;
20.1.2.банк үүсгэн байгуулах гэрээ /нэг үүсгэн байгуулагчтай бол хамаарахгүй/;
20.1.3.үүсгэн байгуулах банкны дүрэм;
20.1.4.банк байгуулах эдийн засгийн үндэслэл;
20.1.5.үүсгэн байгуулагч болон тухайн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, тэдгээрийн холбогдох этгээдийн үйл ажиллагааны сүүлийн гурван жилийн, энэ хуульд заасан шаардлагыг хангасан аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;
20.1.6.Монголбанкнаас баталсан маягтын дагуу бүрдүүлж өгсөн банкны эрх бүхий албан тушаалтан, боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаархи тодорхойлолт;
20.1.7.банкинд хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт.
20.2.Энэ хуулийн 20.1-д заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Монголбанк эдгээр баримт бичгийн хүрээнд нэмэлт материал шаардах эрхтэй бөгөөд банк үүсгэн байгуулагч, банкны хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтантай холбоотой асуудлаар хуулийн байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч болно.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.3.Банк үүсгэн байгуулагч, банкны хувьцаа эзэмшигч, тэдгээртэй холбогдох этгээд нь энэ хуульд заасан шаардлагыг хангах нотлох баримт бичгийг тухайн этгээд бүртгэгдсэн улсын эрх бүхий төрийн байгууллага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар нотлуулсан байх бөгөөд эдгээр баримт бичиг нь банк үүсгэн байгуулах баримт бичгийн бүрэлдэхүүн хэсэг болно.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.4.Банк үүсгэн байгуулах, банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах, банкны хувьцааг эзэмших хязгаарлалтыг тооцох, тогтоох харилцаанд баримтлах нөхцөл, шаардлагыг энэ хуульд нийцүүлэн Монголбанк тогтооно. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./