3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."банк" гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.2. "холбогдох этгээд" гэж доор дурдсан этгээдийг:

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.2.а.банкны нэгдлийн оролцогч;

3.1.2.б.банк, банкны нэгдлийн оролцогчийн хувьцааны тав ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувь хүн, хуулийн этгээд, түүний эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд;

3.1.2.в.хувьцааных нь тав болон түүнээс дээш хувийг банк эзэмшдэг хуулийн этгээд;

3.1.2.г.хувьцааных тав болон түүнээс дээш хувийг банкны эрх бүхий албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд эзэмшдэг хуулийн этгээд;

3.1.2.д.банк, банкны нэгдлийн оролцогчийн эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд;

3.1.2.е.банкны эрхлэх үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг банктай нэгдмэл сонирхолтой этгээд;

3.1.2.ё.эрх бүхий албан тушаалтных нь чиг үүргийг банкны эрх бүхий албан тушаалтан давхар гүйцэтгэдэг хуулийн этгээд;

3.1.2.ж.банкны саналын эрхтэй хувьцааны арав болон түүнээс дээш хувийг эрх бүхий албан тушаалтан нь эзэмшдэг хуулийн этгээд;

3.1.2.з.энэ заалтад заасан этгээдтэй нэгдмэл сонирхолтой бусад хувь хүн, хуулийн этгээд;

3.1.2.и.Монголбанкнаас холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.

3.1.3."банкинд бүтцийн өөрчлөлт хийх" гэж банкны бүтэц, зохион байгуулалт, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах, түүнийг нэмэгдүүлэх буюу хорогдуулах зэргээр санхүүгийн байдлыг нь сайжруулж, алдагдлыг багасгах зорилгоор удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн болон холбогдох бусад цогцолбор арга хэмжээ авахыг;

3.1.4."банкийг өөрчлөн байгуулах" гэж хууль тогтоомжид заасан журмын дагуу банкийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөхийг;

3.1.5."банкны актив, пассив, өөрийн хөрөнгө" гэж олон улсын стандартад нийцүүлэн Монголбанкнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсон зүйлийг;

3.1.6."банкны нэгдэл" гэж нэг хуулийн этгээд нь нөгөө хуулийн этгээдтэй холбогдох этгээд бөгөөд тэдгээрийн аль нэг нь банк байх тус тусдаа хуулийн этгээдийг;

3.1.7."банкны нэгдлийн оролцогч" гэж энэ хуулийн 3.1.6-д заасан нөхцөлийг хангах хуулийн этгээдийг;

3.1.8."нэгдсэн хяналт шалгалт" гэж банкны нэгдлийн оролцогчийн санхүүгийн үйл ажиллагаанд дангаар болон нэгдсэн байдлаар хяналт шалгалт хийхийг;

3.1.9."өөрийн хөрөнгийн хүрэлцээ" гэж банк нь санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэлцэхүйц хэмжээний өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлсон үнэлгээг;

3.1.10."өөрийн хөрөнгийн шаардлага" гэж Монголбанкнаас тогтоосон, энэ хуулийн 3.1.9-д заасан өөрийн хөрөнгийн хүрэлцээний доод хэмжээг;

3.1.11."санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллага" гэж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, тэдгээртэй адил чиг үүрэг бүхий гадаадын байгууллагыг;

3.1.12.“банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүн, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч хүнийг; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.13."банкны нэгж" гэж банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг.

3.1.14."банкны нэгдлийн толгой компани" гэж банкны нэгдэл болон түүнд хамаарах оролцогчийг удирддаг компанийг;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.15."хэвийн бус үйл ажиллагаа" гэж Монголбанкнаас тогтоосон шалгуураар өндөр эрсдэлтэй гэж тооцсон банкны аливаа үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.16.“банкны нөхцөлт удирдлага” гэж Монголбанкны хяналт шалгалтаар банкны зохистой засаглал алдагдсан, эсхүл банк богино хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, эсхүл банкны удирдлагыг хэрэгжүүлж байгаа этгээд, албан тушаалтан хуулийг ноцтой зөрчсөн нь банкны үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл үүсгэсэн, эсхүл банк их хэмжээний алдагдал хүлээх эрсдэл нэмэгдсэн, төлбөрийн чадвар муудаж байгаа нь тогтоогдсон бол тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор банкны удирдлага, зохион байгуулалт, санхүү, үйл ажиллагаатай нь холбогдуулан хуульд заасны дагуу Монголбанкнаас авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээг; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.17.“эцсийн өмчлөгч” гэж банкны үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг, эсхүл өөрийн энэ эрхээ бусдаар төлөөлүүлэн гүйцэтгүүлдэг, эсхүл банкны хувьцааг нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр дамжуулан эзэмшиж байгаа, тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан буюу банкны хувьцаа, үйл ажиллагаанаас үүсэх үр шимийг хүртэх эрх бүхий өмчлөгч хүнийг; /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.18."банкны үндсэн үйл ажиллагаа" гэж зах зээлд эзлэх хувь хэмжээ, үйл ажиллагааныхаа хэлхээ холбооноос хамаарч аливаа саатал нь банкны тогтолцооны тогтвортой байдлыг алдагдуулж, улсын эдийн засагт бодит сөрөг нөлөө үзүүлж болзошгүй банкны үйл ажиллагааны чиглэлийг;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.19."харилцан хамаарал бүхий этгээд" гэж хуулийн этгээдийн хөрөнгийн өмчлөл, удирдлага, хяналт, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцдог, эдийн засгийн нэгдмэл ашиг сонирхолтой зэрэг шалгуураар хоорондоо харилцан хамааралтай гэж Монголбанкнаас тогтоосон хүн, хуулийн этгээдийг;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.20.“банкны системд нөлөө бүхий банк” гэж банкны хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан банкны тогтолцоонд нөлөөтэй гэж Монголбанкнаас тогтоосон банкийг. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.