31 дугаар зүйл. Банкны төлөөлөн удирдах зөвлөл

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Банкны төлөөлөн удирдах зөвлөл

31.1.Банк төлөөлөн удирдах зөвлөлтэй байна.

31.2.Банкны төлөөлөн удирдах зөвлөл ес ба түүнээс дээш гишүүнтэй байна. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.3.Банкны төлөөлөн удирдах зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.3.1.банкны стратегийг тодорхойлох, хянан үзэж түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын бүтэц, эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах;

31.3.2.Монголбанкны зөвшөөрснөөр банкны гүйцэтгэх удирдлагыг томилох; /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.3.3.гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, хариуцлагыг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих, түүний цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

31.3.4.хувьцаа эзэмшигчдийн ээлжит, ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.3.5.энэ хуулийн 29.2.6, 29.2.7-д заасан асуудлаар дүгнэлт гарган хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж хэлэлцүүлэх;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.3.6.банкны дотоод аудитын нэгжийг гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар зохион байгуулж, түүний төсөв, орон тоог батлах, удирдлага, ажилтныг томилох, үйл ажиллагааны журмыг тогтоох, цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

31.3.7.банкны зохистой засаглалын бодлого, журмыг тогтоож хэрэгжилтэд хяналт тавих;

31.3.8.банкны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын тогтолцоо, хөндлөнгийн болон дотоод аудит, эрсдэлийн удирдлага, санхүүгийн болон үйл ажиллагааны хяналт, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хамарсан зохистой хяналтын тогтолцоог бүрдүүлэх;

31.3.9.энэ хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан санхүүгийн тайлан, бусад мэдээллийг нийтэд мэдээлэх явцад хяналт тавих.

31.4.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг банкны дүрмээр зохицуулах бөгөөд уг журамд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний дараахь үүргийг заавал тусгана:

31.4.1.хууль тогтоомж болон дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил, үүргээ хариуцлагатай биелүүлэх;

31.4.2.банк, банкны харилцагчийн эрх ашгийг хувийн болон өөрийг нь сонгосон этгээдийн эрх ашгаас дээгүүр тавих; /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.4.3.нууцаар ашиг хүртэхгүй байх;

31.4.4.сонирхлын зөрчлөөс зайлсхийж, сонирхлын зөрчил үүссэн үед төлөөлөн удирдах зөвлөлд мэдээлдэг байх;

31.4.5.банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх.

31.5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулах, шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг бусад асуудлыг Компанийн тухай хуулийн 76-79 дүгээр зүйлээр зохицуулна.

31.6.Банк хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцогчдын саналын эрхийн тооллогын баримт бичгийн баталгаажуулсан хувийг хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарснаас хойш 45 хоногийн дотор Монголбанкинд хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.7.Банкны дотоод аудитын нэгж нь банкны бодлого, тухайн жилийн бизнес төлөвлөгөө, төсөв, үйл ажиллагаанд мөрдөх журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан зөв эсэхэд хяналт тавьж, актив хөрөнгийг хамгаалан үр ашгийг дээшлүүлэх чиг үүрэгтэйгээр банкны төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тайлагнах зарчмаар ажиллана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.