33 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн
33.1.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүний гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
33.2.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмыг Монголбанк тогтооно.
/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.3.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 32.1.1-32.1.6-д зааснаас гадна дараахь шалгуурыг хангасан байна:
/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
33.3.1.банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай;
33.3.2.тухайн банк, түүний нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх;
33.3.3.тухайн банк, түүний нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байгаагүй /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
33.3.4.тухайн банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх;
33.3.5.банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх;
33.3.6.төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;
33.3.7.эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх;
33.3.8.энэ хуулийн 33.3.2-33.3.3-т заасан этгээдийн холбогдох этгээд биш байх.
/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
33.4.Банкны томоохон харилцагчийг тодорхойлох журмыг Монголбанк тогтооно.
33.5.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь аудитийн болон эрсдэлийн удирдлагын хороонд ажиллаж, эдгээр хорооны асуудал болон Компанийн тухай хуульд заасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлахад заавал оролцож, санал өгнө.
33.6.Аудитын болон эрсдэлийн удирдлагын хорооны ажиллах журмыг төлөөлөн удирдах зөвлөл тогтооно.