34 дугаар зүйл. Банкны гүйцэтгэх удирдлага

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Банкны гүйцэтгэх удирдлага

34.1.Банкны гүйцэтгэх удирдлага гэрээний үндсэн дээр ажиллах бөгөөд дараахь шаардлагыг үйл ажиллагаандаа мөрдөнө:

34.1.1.банк, банкны харилцагчийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавих;

34.1.2.үүрэг гүйцэтгэх явцад олж авсан банк, банкны харилцагчийн талаархи мэдээллийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх;

34.1.3.өөрт нь болон өөртэй нь холбогдох этгээдэд тухайн банктай бизнесийн харилцаанд орсон этгээдийн санхүүгийн үр дүнг сонирхох шалтгаан байгаа бол сонирхлын зөрчил байна гэж үзэж, энэ тухайгаа төлөөлөн удирдах зөвлөлд бичгээр , эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

34.1.4.хувийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй байх;

34.1.5.хууль тогтоомж, банкны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;

34.1.6.банкны ажилтан албан үүргээ сонирхлын зөрчилгүйгээр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх;

34.1.7.банкны хэвийн ажиллагааг хангахуйц дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд үнэлэлт, дүгнэлт өгч байх.

34.2.Гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 32.1.1-32.1.6-д заасан шалгуураас гадна дараахь шалгуурыг хангасан байна:

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

34.2.1.банк, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай;

34.2.2.банк, банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй сонирхлын зөрчилгүй, нэгдмэл сонирхолтой этгээд биш байх;

34.2.3.бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх;

34.2.4.Монголбанкны эрх бүхий албан тушаалтнаар сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллаагүй байх;

34.2.5.мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулаагүй байх;

34.2.6.банкны хууль тогтоомж, Монголбанкны шийдвэрийг ноцтой зөрчиж байгаагүй.

34.3.Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын, цалин урамшууллын, нэр дэвшүүлэх хорооны гишүүн байхыг хориглох бөгөөд гүйцэтгэх захирлыг сонгох, томилох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, хяналт тавихтай холбоотой асуудлаар шийдвэр гаргахад саналын эрхгүй байна.

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

34.4.Банкны эрх бүхий албан тушаалтан Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээнэ. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

БАНКНЫ ХӨРӨНГӨ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ

/Энэ бүлгийн гарчгийн НЭГДСЭН гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./

Нэгдүгээр дэд бүлэг

Банкны хөрөнгө, санхүүгийн тайлан

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.