35 дугаар зүйл. Банкны өөрийн хөрөнгө

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Банкны өөрийн хөрөнгө

35.1.Банк өөрийн хөрөнгөтэй байх бөгөөд банкны өөрийн хөрөнгийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монголбанкны хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлно.

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

35.2.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, банкны систем дэх нөлөө, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк тогтооно. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

35.3. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Банк нь ногдол ашиг хуваарилсны дараа Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлт хангагдах нөхцөлд ногдол ашиг хуваарилж болно.

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

35.4.Банк өөрийн хөрөнгийн хэмжээг ашиг, алдагдлаараа буюу активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг илүү, дутуу байгуулсан хэсгээрээ нэмэгдүүлж, эсхүл хорогдуулж тодорхойлно. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

35.5.Банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах бөгөөд банк активыг энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулна.

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

35.6.Энэ хуулийн 35.5-д зааснаас бусад актив, үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийн санг байгуулах, зарцуулах журмыг Монголбанк тогтооно.

35.7.Энэ хуулийн 35.5, 35.6-д зааснаас бусад санг байгуулах журмыг банк өөрөө тогтооно.

35.8.Банкны хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр банкны алдагдал болон бусад хариуцлагыг хүлээнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.