36 дугаар зүйл. Банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл олгох /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
36.1.Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна. /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
36.2.Энэ хуулийн 36.1 дэх хэсэгт заасан хязгаарлалт нь дараах тохиолдолд хамаарахгүй: /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
36.2.1.энэ хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан тусгай зориулалтын банк; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
36.2.2.Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд заасны дагуу төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банкны төрийн эзэмшлийн хувьд. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
36.3.Банк шинээр хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход Монголбанкнаас тухай бүр зөвшөөрөл авах бөгөөд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахад Монголбанкнаас тогтоосон шалгуурыг үндэслэн мэдэгдэх, зөвшөөрөл авахтай холбоотой харилцааг энэ хуулийн 36.11-д заасан журмаар зохицуулна. /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
36.4.Энэ хуулийн 36.3-т заасан зөвшөөрлийг авахдаа банк хувь нийлүүлэх хөрөнгийн гарал үүсэл, тухайн этгээд нь хууль, журмын шаардлагыг хангасан эсэхийг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хувьцаа эзэмших хугацаандаа тогтмол хангана. /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
36.5.Энэ хуулийн 36.4-т заасан баримт нь үнэн зөв, бодит байдалд нийцсэн байх шаардлагатай бөгөөд энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд энэ хуулийн 27.1.5-д заасан үндэслэл үүснэ. /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
36.6.Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ. /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
36.7.Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг Монголбанк зөвшөөрөөгүй, эсхүл энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангаагүй бол тухайн хувьцаа нь саналын эрхгүй, ногдол ашиг авах эрхгүй байна. /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
36.8.Энэ хуулийн 36.7-д заасны дагуу зөвшөөрөл аваагүй хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээг Монголбанк банкны өөрийн хөрөнгөөс хасаж тооцох бөгөөд хувьцаа эзэмшигч нь хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд худалдах, шилжүүлэх үүрэгтэй. /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
36.9.Энэ зүйл нь энэ хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан банк байгуулах, банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас эзэмших иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн холбогдох этгээдэд нэгэн адил хамаарна. /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
36.10.Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл, хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь банкны хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээг Монголбанкинд ирүүлнэ. /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
36.11.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувьцаагаа нийтэд санал болгох, банкны хувьцааг худалдах, шилжүүлэх, үүнтэй төстэй бусад хэлцэл хийх болон аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахад энэ хуулийн 36.3-т заасны дагуу тогтоосон шалгуурыг үндэслэн Монголбанкинд мэдэгдэх, зөвшөөрөл авах нөхцөл, шаардлагыг Монголбанк Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална. /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
36.12.Банкны хувьцаа эзэмшигч нь хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг барьцаалах, Монголбанкны зөвшөөрөлгүйгээр банкинд буцаан худалдахыг хориглоно. /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
36.13.Иргэн, хуулийн этгээд бусдын нэрийг ашиглан банкны хувьцааг шууд бус хэлбэрээр эзэмшихийг хориглоно. /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
36.14.Энэ хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан банкны хувьцааг Монголбанк зөвшөөрснөөс бусад этгээдэд худалдахыг хориглоно. /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
36.15.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
36.16.Банкны гаргасан хувьцааг худалдан авах хөрөнгө нь мөнгөн хөрөнгө байх бөгөөд энэ хуульд заасны дагуу өр төлбөр, хоёрдогч өглөг, хувьцаанд хамаарах бусад үнэт цаасыг хувьцаанд хөрвүүлэхэд энэ шаардлага хамаарахгүй. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
36.17.Банк нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны эцсийн өмчлөгчийг тодорхойлсон мэдээлэл, холбогдох баримт бичгийг Монголбанкинд ирүүлэх бөгөөд эцсийн өмчлөгч өөрчлөгдөх бүрд уг мэдээллийг шинэчилж ирүүлнэ. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
36.18.Монголбанк банкны хувьцааны эцсийн өмчлөгчийн мэдээллийг шалгасны үндсэн дээр энэ хуулийн 36.3-т зааснаар зөвшөөрөл авах этгээдийг тогтоож банкинд мэдэгдэнэ. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
36.19.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч дараах шалгуурыг хангасан байна: /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
36.19.1.тухайн этгээд нь дампуурлын хэргийн хариуцагч, эсхүл хариуцагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бус байх; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
36.19.2.эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
36.19.3.санхүүгийн чадавхтай байх; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
36.19.4.нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол тухайн банкны нэгдэл нь Монголбанкнаас хяналт шалгалт хийх боломж бүхий бүтэцтэй байх; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
36.19.5.тухайн хувьцааны эцсийн өмчлөгчийг нотолсон байх; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
36.19.6.өөрөө, эцсийн өмчлөгч нь төрийн өндөр албан тушаалтан бус байх. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./
36.20.Монголбанк дараах үндэслэлээр банк шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгохоос татгалзана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
36.20.1.энэ хуулийн 24.1-д заасан үндэслэл бүрдсэн; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
36.20.2.энэ хууль болон санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаагүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
36.20.3.банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичиг энэ хуулийн шаардлагыг хангаагүй, хувьцаа эзэмшигчийн хууль ёсны үйл ажиллагаанаас олсон орлого болох нь нотлогдоогүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
36.20.4.Монголбанкнаас шаардсан мэдээлэл болон тухайн мэдээллийг нотлох баримтыг ирүүлээгүй, нотлох баримтын үндэслэл, тайлбар нь тодорхойгүй, тэдгээрийг тодорхойлох боломжгүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
36.20.5.банк, санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болохыг Монголбанк тодорхойлсон. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./