37 дугаар зүйл. Санхүүгийн тайлан
37.1.Банкны санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.
/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
37.2.Банк, банкны нэгдлийн бусад оролцогчийн санхүүгийн тайлан болон банкны нэгдлийн нэгдсэн тайлан нь дараахь шаардлагыг хангасан байна:
/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
37.2.1.санхүүгийн тайлангийн үзүүлэлт нь олон улсын жишгийг үндэслэн Монголбанкнаас тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн байх;
37.2.2.санхүүгийн тайланг энэ хуулийн 37.2.1-д заасны дагуу үнэн зөв гаргасан гэдгээ албан ёсоор нотолсон баримт бичиг үйлдэн он, сар, өдрийг тэмдэглэж, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлага, холбогдох бусад эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тамга, тэмдэг дарсан байх;
37.3.Банк нь санхүүгийн сар бүрийн байдлаар дараа сарын 10-ны өдрийн дотор, банк, банкны нэгдлийн оролцогч буюу банкны толгой компани нэгдсэн буюу тусдаа тайланг улирал бүрийн байдлаар дараа улирлын эхний сарын дотор Монголбанкинд гаргаж өгнө.
/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
37.4.Банк, банкны нэгдлийн бусад оролцогчийн санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримтыг Монголбанк тухайн этгээдээс шаардах эрхтэй
/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
37.5.Банкны нэгдлийн нэгдсэн тайлан гаргах журмыг Монголбанк Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.
37.6.Банк нь банк, санхүүгийн үйл ажиллагааны талаархи мэдээллийн санг давагдашгүй хүчин зүйл, бусад аюулаас сэргийлэх зорилгоор архивын биет болон цахим хэлбэрээр стандартын дагуу хадгалах нөөц төвтэй байна.