38 дугаар зүйл. Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг нийтэд мэдээлэх

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг нийтэд мэдээлэх

38.1.Банк нь энэ хуулийн 37.2-т заасан шаардлагыг хангасан улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын дотор, аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан нийтэд хэвлэлээр мэдээлж байна.

38.2.Энэ хуулийн 38.1-д заасан тайлангаас гадна дараахь мэдээллийг нийтлэх, өөрийн цахим хуудсанд байрлуулах зэргээр шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор банк нийтэд мэдээлнэ:

38.2.1.банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлагын гарын үсгээр баталгаажуулсан ажлын тайлан;

38.2.2.хуулийн этгээдийн зохион байгуулалт-эрх зүйн хэлбэр, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

38.2.3.санхүү, бүртгэлийн тогтолцоо, дотоод хяналт;

38.2.4.нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий нягтлан бодогч, банкны нэгжийн удирдлага, хяналтын зөвлөлийн гишүүдийн нэр;

38.2.5.банкийг өөрчлөн байгуулах хэлбэр, хугацаа, хэрэгжүүлэх арга, шинээр үүсэх хуулийн этгээдийн зохион байгуулалт-эрх зүйн хэлбэр, байршил, банкны эрхлэх үйл ажиллагааны төрөл, санхүүгийн үйл ажиллагааны үндсэн баримтын тухай;

38.2.6.банкны холбогдох этгээдэд олгосон зээл, гаргасан аккредитив, бусад үүрэг, ажил, үйлчилгээ;

38.2.7.банкны эрсдэлийг тодорхойлоход шаардлагатай гэж Монголбанкнаас үзсэн бусад мэдээлэл.

38.3.Монголбанк нь банкнаас нийтэд мэдээлсэн, цахим хуудсанд байрлуулсан санхүүгийн тайлан, мэдээллийн үнэн зөв эсэхэд хяналт тавьж, зохих журмыг баримтлаагүй, буруу, алдаатай нийтэлсэн бол залруулахыг шаардаж биелэлтэд хяналт тавьж ажиллана.

38.4.Энэ хуулийн 38.2.5-д заасан мэдээллийг Монголбанкнаас өөрчлөн байгуулах зөвшөөрөл авсны дараа нийтэд мэдээлнэ.

38.5.Банк холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас тогтоосон мэдээллийг нийтэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.