39 дугаар зүйл. Банкны санхүүгийн тайлан, бусад шаардлагатай мэдээг тайлагнах

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Банкны санхүүгийн тайлан, бусад шаардлагатай мэдээг тайлагнах

39.1.Банк, банкны нэгдлийн оролцогч, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь санхүүгийн тайлан, санхүүгийн анхан шатны баримт, тэдгээрийг нотлох баримт, хууль тогтоомжийн дагуу банкны удирдлагын үйл ажиллагааны талаар бүрдүүлбэл зохих баримт, мэдээ, мэдээлэл болон санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, түүний программ, дэд программ хангамж, тэдгээрийн байршлын талаархи дэлгэрэнгүй жагсаалт, тэдгээрт нэвтрэх нууц түлхүүрийг Монголбанк, Монголбанкны хянан шалгагчид саадгүй, бүрэн гүйцэд, үнэн зөв гарган өгч, хяналт шалгалтын үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар явуулах нөхцөлөөр хангана.

39.2.Банкны удирдлага, банктай холбогдох этгээд болон эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь Монголбанкны хянан шалгагчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, бололцоогоор хангана.

39.3.Монголбанк, түүний хянан шалгагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шаардсан баримт, мэдээ, мэдээлэл байхгүй бол банктай холбогдох этгээд, банкны эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь энэ тухайгаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.