43 дугаар зүйл. Банкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрх

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Банкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрх

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

43.1.Холбогдох банк, санхүүгийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь өөрсдийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой бүхий л баримт материал, тайлан бүртгэл, мэдээ, мэдээлэл холбогдох бусад баримт бичгийг Монголбанкны шаардсанаар гарган өгөх үүрэгтэй.

43.2.Монголбанк дараахь бүрэн эрхтэй: /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

43.2.1.банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг тогтоож, хангуулах; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

43.2.2.банкны эрсдэлийн төрөл, түвшин, өөрийн хөрөнгийн байдалтай нь уялдуулан банкны активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах талаар тусгай журам тогтоох;

43.2.3.банкны өөрийн хөрөнгийг хууль, Монголбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн доод хэмжээнээс дээш хэмжээгээр бүрдүүлэх, эрсдэлийн санг нэмэгдүүлэх;

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

43.2.4.энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх журам тогтоох, холбогдох шийдвэр гаргах, хэрэгжүүлэх;

43.2.5.банкны үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох, банкны үйл ажиллагаанд цаашид алдагдал учруулах эрсдэлтэй банкны нэгжийг татан буулгах, үйл ажиллагааны зарим чиглэлийг бусдад шилжүүлэх талаар банкинд зөвлөмж өгөх;

43.2.6.банкны эрсдэлийн түвшинг бууруулах арга хэмжээ авах;

43.2.7.цэвэр ашгаар өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх;

43.2.8.төлбөр түргэн гүйцэтгэх чадварт тусгай шаардлага тавих;

43.2.9.тогтоосон хугацаанд шаардлагатай тайлан, мэдээ, мэдээллийг ирүүлэх, тайлагнах;

43.2.10.хууль, журамд заасан нөхцөл шаардлага, шалгуурыг хангаж ажиллах;

43.2.11.Монголбанкнаас тогтоосон банкны зохистой засаглалын журмын хэрэгжилтийг хангах;

43.2.12.банк нь хууль, Монголбанкнаас тогтоосон журам, бусад шийдвэрийг зөрчсөн бол банкны гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, эсхүл чөлөөлөх талаар төлөөлөн удирдах зөвлөлд хугацаатай үүрэг өгөх, заасан хугацаанд үүргийг биелүүлээгүй бол гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас нь чөлөөлөх.

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

43.2.13.шаардлагатай тохиолдолд мэргэшсэн бусад этгээдтэй хамтран банкинд шалгалт хийх. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

43.3.Монголбанк шаардлагатай тохиолдолд банкны активт чанарын үнэлгээ, эрсдэлийн сорил хийж, тэдгээрийн үр дүнд үндэслэн өөрийн хөрөнгө, эрсдэлийн санг нэмэгдүүлэх арга хэмжээ авч болно.

43.4.Банкны үйл ажиллагааны бодит байдлыг тодорхойлох зорилгоор энэ хуулийн 43.3-д заасан үнэлгээ, сорилыг хийхэд шаардагдах зардлыг Монголбанк хариуцна.

43.5.Монголбанк Санхүүгийн зохицуулах хороотой хамтран банкны нэгдлийн удирдлага, санхүү, төлбөрийн чадварын зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, шаардлагыг тогтооно.

43.6.Монголбанк хуульд заасан албадлагын арга хэмжээ авах, хяналт шалгалт хийх журмыг батална.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.