44 дугаар зүйл. Нэгдсэн хяналт шалгалт хийх

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Нэгдсэн хяналт шалгалт хийх

/Энэ зүйлийн дугаарт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

44.1.Монголбанк нь банкны нэгдлийн оролцогчийн үйл ажиллагаанд тусгайлан хяналт шалгалт хийхдээ шаардлагатай гэж үзвэл санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтран нэгдсэн хяналт шалгалт хийх бөгөөд түүнд хамрагдах хуулийн этгээдийн санхүүгийн тайланг нэгдсэн байдлаар гаргаж үнэлэлт, дүгнэлт өгнө.

44.2.Нэгдсэн хяналт шалгалтад банкны нэгдлийн оролцогчийг хамруулах, тэдгээрийн санхүүгийн тайлан, холбогдох бусад мэдээллийг гаргаж тайлагнах, хяналт шалгалт хийх харилцааг Монголбанкны Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталсан журмаар зохицуулна.

44.3.Банкны нэгдлийн оролцогч нь өөр улсад бүртгэгдсэн буюу байршдаг бол Монголбанк тухайн улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагатай гэрээ, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан мэдээлэл солилцох, хамтарсан шалгалт хийх хэлбэрээр хамтран ажиллаж болно.

44.4.Энэ хуулийн 44.1-д заасан нэгдсэн хяналт шалгалтыг дараах байдлаар хийнэ:

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

44.4.1.нэгдсэн хяналт шалгалтад хамруулах шаардлагатай банкны нэгдлийн холбогдох хэсгийг тодорхойлох;

44.4.2.энэ хуулийн 44.4.1-д заасан хэсэгт хамаарах банкны нэгдэлд оролцогчдын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, мэдээлэлд үндэслэн тэдгээрийн санхүү, төлбөрийн чадвар, хоорондын хөрөнгийн урсгал, нэг оролцогчоос нөгөөд оруулсан хөрөнгө, өглөг, авлага, зээл, банкны нэгдлийн оролцогч хоорондын санхүүгийн бусад хэлцэл, гүйлгээний хамаарал болон банкны нэгдлийн хэмжээнд үүсч болзошгүй эрсдэлийг тодорхойлох;

44.4.3.банк, банкны нэгдлийн оролцогч, эсхүл банкны нэгдлийн хэмжээний санхүү, төлбөрийн чадварын байдалд санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас тавьж байгаа зохистой харьцааны болон бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг дангаар нь болон нэгдсэн байдлаар тогтоож, үнэлэлт, дүгнэлт өгөх.

44.5.Банкны нэгдлийн оролцогч нь Монголбанкнаас шаардсан мэдээллийг тогтоосон хугацаанд тухайн нэгдлийн оролцогч банкаар дамжуулан гаргаж өгнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.