56 дугаар зүйл. Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

56 дугаар зүйл. Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

56.1.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг Монголбанкнаас томилсон Тусгай төлөөлөгч хэрэгжүүлнэ.

56.2.Тусгай төлөөлөгч нь дараахь шаардлагыг хангасан байна:

56.2.1.банкны үйл ажиллагааны мэдлэг, туршлага, мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвартай;

56.2.2.гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй;

56.2.3.тухайн банкнаас урьд нь авсан хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;

56.2.4.тухайн банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, бусад ажилтантай холбогдох этгээдийн харилцаагүй;

56.2.5.хуулийн этгээд бол өөрийн үйл ажиллагааг хариуцах хангалттай хэмжээний хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй.

56.3.Тусгай төлөөлөгчийн цалин хөлсийг Монголбанк тогтооно.

56.4.Тусгай төлөөлөгч Монголбанкны шийдвэрийг дагаж мөрдөнө.

56.5.Тусгай төлөөлөгч томилогдсоноор банк, түүний удирдлага, эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Тусгай төлөөлөгчид шилжинэ.

56.6.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ 90 хоногийн хугацаатай байна. Энэ хугацааг мөн хугацаагаар хоёр удаа сунгаж болно.

56.7.Тусгай төлөөлөгч нь банкны актив, пассивын үнэлгээг хараат бус, хөндлөнгийн, мэргэжлийн этгээдээр зохих стандарт, шаардлагын дагуу хийлгэж болно. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

56.8.Тусгай төлөөлөгч нь энэ хуульд заасан банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна дараахь бүрэн эрхтэй байна:

56.8.1.банкны өр төлбөрийн эргэн төлөгдөх хугацаанд өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх;

56.8.2.банкны байгуулсан санхүүгийн гэрээ, хэлцлийг дуусгавар болгох;

56.8.3.банкинд хөрөнгө оруулахыг тухайн банкны нэгдлийн толгой компаниас шаардах;

56.8.4.энэ хуулийн 69.1-т заасан бусад эрх.

56.9.Тусгай төлөөлөгч нь Монголбанкинд ажлаа хариуцан тайлагнана.

56.10.Тусгай төлөөлөгчийн цалин хөлс, холбогдох бусад зардлыг тухайн банкнаас гаргуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд Монголбанкнаас урьдчилан гаргаж, банкаар нөхөн төлүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.