57 дугаар зүйл. Банкны актив, пассивыг шилжүүлэх
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
57.1.Тусгай төлөөлөгч банкны актив, пассивыг эрх бүхий банкинд шилжүүлж болно.
57.2.Энэ хуулийн 57.1-т заасан шилжүүлэг хийхдээ энэ хуульд заасны дагуу хийсэн үнэлгээг баримтална.
57.3.Банкны шилжүүлгийг хийхэд шаардагдах санхүүжилтийн нөхцөл, хэлбэр, хэмжээг тусгай төлөөлөгчийн саналыг харгалзан Монголбанк тодорхойлно.
57.4.Банкийг шилжүүлэх шийдвэр нь тухайн банкны актив, пассив, тэнцлийн гадуурх зүйлтэй холбоотойгоор өмнө байгуулсан гэрээ, хэлцэл, шийдвэрийн зохицуулалтаас үл хамааран хэрэгжинэ.
57.5.Банкийг шилжүүлсэн нь банкнаас урьд нь бусадтай байгуулсан гэрээ, хэлцлийг хугацаанаас өмнө татгалзах, цуцлах үндэслэл болохгүй.
57.6.Энэ хуулийн 57.1-т заасан арга хэмжээг авахад дараахь нөхцөлийг баримтална:
57.6.1.өр төлбөрт барьцаалагдсан эд хөрөнгийг тухайн өр төлбөр, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулах бусад дагалдах эрхийн хамт шилжүүлэх;
57.6.2.хүүгийн своп, валютын своп, валютын опцион болон Монголбанкнаас тодорхойлсон бусад санхүүгийн үүсмэл хэрэгслийн хэлцлийн төлбөр харилцан тооцох, эрх, үүргийг бүхэлд нь шилжүүлэх.
57.7.Энэ зүйлд заасан арга хэмжээний хүрээнд буцаан төлөгдсөн хөрөнгийн хэмжээ нь тухайн банкийг шууд татан буулгасны үр дүнд буцаан төлөгдөх боломжтой байсан хөрөнгийн хэмжээнээс багассан болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн банкнаас төлбөр гаргуулах шаардлага нь бусдад шилжээгүй үүрэг гүйцэтгүүлэгч уг зөрүүгээр нөхөн төлбөр гаргуулахыг шаардах эрхтэй.