61 дугаар зүйл. Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
61.1.Банкны тогтолцоо, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банкны бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газраас банкийг дахин хөрөнгөжүүлэх, тусгай зориулалтын банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлэх, банкны өрийн хэрэгслийг худалдан авах, зээл олгох, баталгаа гаргах, банкны тогтворжуулалтын санд хөрөнгө оруулах хэлбэрээр гаргаж болно.
61.2.Энэ хуулийн 61.1-т заасан санхүүжилтийн хэмжээ, олгох нөхцөл, журмыг Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналд үндэслэн Засгийн газар тогтооно.
61.3.Монголбанк нь өөрийн үндсэн зорилтод харшлахгүй гэж үзвэл банкны бүтцийн өөрчлөлтөд зориулан доор дурдсан нөхцөлтэй зээл олгож болно:
61.3.1.хүүгийн тусгайлсан нөхцөлтэй;
61.3.2.90 хоногийн хугацаатай, энэ хугацааг дахин нэг удаа мөн хугацаагаар сунгах боломжтой;
61.3.3.Монголбанкнаас тодорхойлсон хангалттай хэмжээний барьцаатай;
61.3.4.Засгийн газрын баталгаагаар хангагдсан.