69 дугаар зүйл. Банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрх
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
69.1.Банкны эрх хүлээн авагч дараахь бүрэн эрхтэй:
69.1.1.банкны хөрөнгийг захиран зарцуулах;
69.1.2.банкийг төлөөлөх, удирдах;
69.1.3.банкны өр төлбөрийг хязгаарлах, шилжүүлэх, зогсоох;
69.1.4.банкны хөрөнгө нь үйл ажиллагааны зардлыг гаргахад хүрэлцэхгүй тохиолдолд зээл авах; /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
69.1.5.банкнаас байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээг цуцлах;
69.1.6.шаардлагатай ажилтан авах, чөлөөлөх;
69.1.7.банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах;
69.1.8.банкны нэрийн өмнөөс Монголбанкнаас тогтоосон хэмжээг баримтлан төлбөр хийх.
69.1.9.банкийг татан буулгах арга хэмжээний хүрээнд тухайн банктай холбогдох зарим үйл ажиллагааг үргэлжлүүлэх, зогсоох;
69.1.10.хадгаламжийн хүүгийн хувь хэмжээг тухайн үеийн хадгаламжийн хүүгийн доод хувь хэмжээнээс багагүй байхаар өөрчлөн тогтоох;
69.1.11.банкны хөрөнгө оруулалт хийхээр байгуулсан гэрээг цуцлах, зээлийн хүү, үйлчилгээний хөлсний хувь хэмжээ, хугацаанд өөрчлөлт оруулах;
69.1.12.банкны хадгаламж эзэмшигч, харилцагчид өгөх төлбөрөөс тухайн хадгаламж эзэмшигч, харилцагчдаас авах зээлийн төлбөрийг суутгах;
69.1.13.банкны актив, пассивын үнэлгээг хараат бус, хөндлөнгийн, мэргэжлийн этгээдээр зохих стандарт, шаардлагын дагуу хийлгэх; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
69.1.14.энэ хуулийн 35.8-д заасны дагуу банкны хувьцаа эзэмшигчдэд алдагдлыг хүлээлгэж, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь нийлүүлсэн хөрөнгө, бусад сангаас хасалт хийж санхүүгийн тайланд тусгах.
69.2.Банкны эрх хүлээн авагч банкийг татан буулгах ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг Монголбанкинд хүргүүлж, Монголбанкнаас тогтоосон хугацаанд тайланг тогтмол ирүүлнэ.
69.3.Банкны эрх хүлээн авагч банкны хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй.
69.4.Банкны эрх хүлээн авагч томилогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор Монголбанкинд банкны санхүүгийн болон холбогдох бусад тайлан, хөрөнгийн бүртгэл, жагсаалтыг бэлтгэж хүргүүлнэ.
69.5.Хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан, бусад ажилтан, хөндлөнгийн аудиторын үйл ажиллагаанд эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн бол банкны эрх хүлээн авагч Монголбанкинд нэн даруй мэдэгдэж, тухайн асуудлыг шалгуулж, шийдвэрлүүлэхээр хууль хяналтын холбогдох байгууллагад хандана.
69.6.Банкнаас хийгдсэн төлбөр, шилжүүлэг зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илүүд авч үзсэн байх шинжтэй бол банкны эрх хүлээн авах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх гурван сарын дотор хийгдсэн төлбөрийг, хэрэв төлбөр хүлээн авагч нь тухайн банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, ажилтан, тэдгээрт холбогдох этгээд байвал банкны эрхийг хүлээн авах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх 12 сарын дотор хийгдсэн бүх төлбөрийг доор дурдсанаас бусад тохиолдолд хүчингүйд тооцно:
69.6.1.Аливаа хадгаламж эзэмшигчид төлсөн төлбөр нь тухайн үед Монголбанкнаас тогтоосон нэг хадгаламж эзэмшигчид төлөх хязгаараас хэтрээгүй;
69.6.2.бусдад шилжүүлсэн хөрөнгө нь тухайн үеийн зах зээлийн үнээр төлөгдсөн;
69.6.3.банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, ажилтанд олгосон цалин хөлс нь тэдгээрт урьд олгож байсан цалин хөлсний ердийн хэмжээнээс хэтрээгүй шагнал, бусад тусгай нэмэгдэл үүнд хамаарахгүй;
69.6.4.залилах шинжтэйгээс бусад тохиолдолд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгоор тусгай зориулалтын компанид хөрөнгө шилжүүлсэн.