68 дугаар зүйл. Банкны эрх хүлээн авагчийг томилох
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
68.1.Монголбанк нь дараахь үндэслэлээр банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилно:
68.1.1.энэ хуульд заасан албадлагын арга хэмжээний хүрээнд банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
68.1.2.банкинд энэ хуульд заасан бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монголбанкны шийдвэр гарсан.
68.2.Монголбанкнаас бусад этгээд банкийг албадан татан буулгах буюу дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх эрхгүй. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
68.3.Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна.
68.4.Монголбанк нь энэ хуулийн 56.2-т заасан шаардлагыг хангасан өөрийн ажилтан, эсхүл бусад этгээдийг банкны эрх хүлээн авагчаар томилно.
68.5.Банкны эрх хүлээн авагчийн цалин хөлсийг Монголбанк тогтоож, банкны эрх хүлээн авахтай холбоотой зардлыг тухайн банкнаас гаргуулна.
68.6.Банкны эрх хүлээн авагч нь банкны эрх хүлээн авагч томилогдсон хугацаа, банк хадгаламжийн үйл ажиллагаа явуулахгүй тухай болон банкны эрх хүлээн авагчаас шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгасан банкийг татан буулгах тухай шийдвэрийг тухайн банкны бүх салбар, албан газарт нэн даруй байршуулж, олон нийтэд мэдээлнэ.