7 дугаар зүйл. Банкинд хориглох үйл ажиллагаа
/Энэ зүйлийн гарчгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.2.Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно:
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.2.1.тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;
7.2.2.Монголбанк, түүний хянан шалгагч, Монголбанкны улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;
/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.2.3.шүүх, прокурорын байгууллагын удирдлага хүсэлт гаргасан, эсхүл авлигатай тэмцэх байгууллага, цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны шаардлагаар, түүнчлэн тагнуулын байгууллага мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах шаардлагаар мөрдөгчийн саналыг прокурор зөвшөөрсөн;
/Энэ заалтад 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.2.4.Монгол Улсын хуулийг зөрчсөн нь нотлогдсон бол олон улсын хуулийн байгууллага, Монгол Улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гадаад улсын Засгийн газар хүсэлт гаргасан;
7.2.5.Санхүүгийн зохицуулах хороо өөрийн олгосон зөвшөөрөл бүхий үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор шаардсан болон тус хорооны байгуулсан гэрээ, харилцан ойлголцлын санамж бичгээр хүлээсэн үүргийн дагуу гадаад улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас хүсэлт гаргасан. /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.2.6.хуульд заасны дагуу зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгсөн.
/Энэ заалтыг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.2.7.төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авахаар шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга зөвшөөрсөн;
/Энэ заалтыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.2.8.Гааль, татварын алба тодорхой харилцагчийн гааль, татварын өр төлбөрийг төлүүлэхээр болон татварын хяналт шалгалт хийхээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан.
/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.2.9.Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан.
/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.2.10.Татварын зорилгоор мэдээлэл харилцан солилцох талаарх Монгол Улсын олон улсын гэрээний дагуу татварын албаны шаардсан Татварын ерөнхий хуулийн 18.1.2-т заасан мэдээллийг.
/Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.2.11.Төрийн аудитын байгууллага хуульд заасан аудит хийх чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан.
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./
7.3.Банкнаас олгосон зээлийн талаархи банк хоорондын мэдээлэл, зээлийн мэдээллийн санд холбогдох хууль, гэрээнд заасны дагуу өгөх мэдээлэл, энэ хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан тайлан, мэдээлэл болон банк, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагчийн хооронд солилцсон мэдээлэл энэ хуулийн 7.2-т заасан нууцад хамаарахгүй.
7.4.Энэ хуулийн 7.1-д зааснаас гадна банк дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.4.1.дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох, өөр хоорондоо, эсхүл гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, ийм үйл ажиллагаанд оролцох;
7.4.2.банк, банкны нэгдлийн оролцогчийн өмнө зээл болон бусад хэлбэрээр хүлээсэн санхүүгийн үүрэг нь анх тохиролцсон гэрээнээс хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн санхүүгийн үүрэг хүлээгч, түүнтэй холбогдох этгээдэд андеррайтерын үйлчилгээ үзүүлэх;
7.4.3.андеррайтерын үйлчилгээ үзүүлэхдээ үнэт цаас гаргагч болон түүнтэй холбогдох этгээдэд зээл, түүнтэй адилтгах санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, баталгаа, батлан даалт гаргах;
7.4.4.банкны нэгдлийн оролцогчийн андеррайтер хийж байгаа үнэт цаасыг худалдан авах;
7.4.5.андеррайтер хийж байгаа үнэт цаасаа банкны нэгдлийн оролцогчид шууд буюу шууд бус хэлбэрээр худалдах, түүнтэй холбогдсон аливаа үйл ажиллагаа явуулах;
7.4.6.банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлтэй хуулийн этгээдэд андеррайтерын үйлчилгээ үзүүлэх;
7.4.7.энэ хуулийн 19.1-д заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээд, иргэн тухайн банкинд хүлээсэн санхүүгийн өр төлбөрөө барагдуулахаас өөрөөр аливаа гүйлгээг Монголбанк зөвшөөрснөөс бусад тохиолдолд хийх;
7.4.8.өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх;
7.4.9.улс төрийн аливаа нам, эвсэлд хандив өгөх.