17 дугаар зүйл. Номын сангийн заавал авах хувь
17.1.Оюуны бүтээлийн архив, үндэсний хэмжээний ном хэвлэлийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор захиалагч болон зохиогч нь доор дурдсан хэвлэлийн бүтээгдэхүүнийг хэвлэгдэн гарснаас хойш 30 хоногийн дотор номын санд тодорхой хувийг үнэ төлбөргүйгээр хүлээлгэж өгнө:
17.1.1.улсын төсвийн хөрөнгөөр хэвлүүлсэн хэвлэлийн бүтээгдэхүүнээс таван ширхгийг, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлээс хоёр хүртэл ширхгийг, Монгол Улсын соёлын өвд хамаарах зүйлийн талаарх судалгааны бүтээлийг санхүүжилтын эх үүсвэр, хэвлэгдсэн хэл, газрыг харгалзахгүйгээр хоёр хүртэл ширхгийг тус тус Монгол Улсын Үндэсний номын санд;
17.1.2.орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэвлүүлсэн хэвлэлийн бүтээгдэхүүн тус бүрээс гурван ширхгийг орон нутгийн номын санд.
17.2.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэвлүүлсэн хэвлэлийн бүтээгдэхүүнийг эрхлэн гаргасан байгууллага, иргэн нь хэвлүүлснээс хойш нэг сарын дотор энэ хуулийн 17.1-д заасан номын санд шилжүүлнэ.
17.3.Хүүхдэд зориулсан хэвлэлийн бүтээгдэхүүн тус бүрээс хоёр ширхгийг Хүүхдийн төв номын санд авч болно.