9 дугаар зүйл. Үндэсний номын сангийн үүрэг
9.1.Үндэсний номын сан энэ хуулийн 7.1-д зааснаас гадна үндэсний ном зүйн нэгдсэн мэдээллийн санг байгуулах ажлыг зохион байгуулах, бусад номын санг эрдэм шинжилгээ-судалгаа, мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах ажлыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
9.2.Үндэсний ном зүйн нэгдсэн санг зохион байгуулах дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.2.1.ном зүйн нэгдсэн лавлагаа, мэдээллийн санг цаасан ба цахим хэлбэрээр бүрдүүлж, бусад номын сангийн сан хөмрөгийн мэдээллийг хадгалах;
9.2.2.ном зүйн мэдээллийн сан хөмрөг бий болгох зорилгоор уншлага үйлчилгээнд ашиглуулахгүйгээр зайлшгүй хадгалах шаардлагатай хэвлэлийн бүтээгдэхүүний архивын сан хөмрөг бүрдүүлэх.
9.3.Эрдэм шинжилгээ-судалгаа, мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.3.1.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн дагуу эрдэм шинжилгээ-судалгааны ажлыг гүйцэтгэх;
9.3.2.ном зүйн мэдээллийн хэрэглэгдэхүүн бэлтгэх, улсын нэгдсэн каталоги, үндэсний ном зүйг эрхлэн гаргах;
9.3.3.нийгэмд номын сангийн гүйцэтгэх үүрэг, ном хэвлэлийн ач холбогдлыг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулах;
9.3.4.гадаад, дотоодын номын сан, ном хэвлэлийн байгууллагатай хамтран ажиллах;
9.3.5.бүх төрлийн номын сангийн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх.
9.4.Ганц хувь бүтээл, гар бичмэл, барын ном, судрын хадгалалт, хамгаалалтын ажлыг зохион байгуулах дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.4.1.түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах ном, судрыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бүртгүүлж, хамгаалах;
9.4.2.энэ хуулийн 9.4.1-д зааснаас бусад гар бичмэл, ном, судар, бусад зүйлийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу хадгалах, хамгаалах, ашиглах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.4.3.шаардлагатай бол орон нутагт номын сангийн стандартын шаардлага хангаагүй орчинд хадгалагдаж байгаа ганц хувь бүтээл, ном, гар бичмэл, барын ном, судар, бусад зүйлийг эзэмшигч байгууллагын хүсэлтээр хадгалах.
9.5.Үндэсний номын сан нь бусад номын санд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор жил бүр номын санчийн гарын авлага бэлтгэн гаргаж, гурав хүртэлх хувийг үнэ төлбөргүй түгээнэ.
НОМЫН САНГИЙН ТӨРӨЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ЭРХ, ҮҮРЭГ