13 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрх, үүрэг

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрх, үүрэг

13.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага дараах эрх, үүрэгтэй:

13.1.1.даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх;

13.1.2.эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах;

/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.1.3.даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай үзүүлэх, даатгуулагчийг холбогдох мэдээллээр хангах;

13.1.4.даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл, хэлбэр, тоо хэмжээ, зардал болон бусад мэдээллийг бүртгэх, хадгалах, эрүүл мэндийн даатгалын байгууллагад мэдээлэх;

/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.1.5.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын ажилтны буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг хууль тогтоомжийн дагуу нөхөн төлөх;

13.1.6.эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх даатгуулагчийн төлбөрийн тайлан тооцоо, холбогдох баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлэх;

13.1.7.эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал боловсруулж Үндэсний зөвлөл дэх өөрийн төлөөллөөрөө дамжуулан шийдвэрлүүлэх;

/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.1.8.даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон даатгуулагчид буцаан олгох;

/Энэ хэсэгт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.1.9.эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн хэмжээгээр даатгуулагчийн төлөх төлбөрөөс хасч тооцох;

13.1.10.эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

13.1.11.даатгуулагчид шаардлагагүй хэвтүүлэн эмчлэх болон бусад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, лавлагаа тусламж үзүүлж, эм, эмнэлгийн хэрэгсэл олгохыг хориглох; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.1.12.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.