14 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл
14.1.Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, сумын эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.2.Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна.
/Энэ хэсгийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
14.3.Үндэсний зөвлөл нь дараах бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлаа Улсын Их Хуралд жил бүр тайлагнана:
14.3.1.Засгийн газрыг төлөөлж санхүү, төсвийн, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүн;
14.3.2.даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн;
14.3.3.ажил олгогчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлсөн байгууллагыг төлөөлж гурван хүн.
/Энэ хэсгийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
14.4.Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилж болно.
/Энэ хэсгийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
14.5.Үндэсний зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо батална.
/Энэ хэсгийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
14.6.Үндэсний зөвлөл ажлын албатай байх бөгөөд ажлын албаны орон тоо, ажиллах дүрмийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо батална.
/Энэ хэсгийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
14.7.Үндэсний зөвлөлийн гишүүдэд ажлын оролцоог харгалзан улирал тутам нэмэгдэл цалин олгох бөгөөд цалингийн нэмэгдлийн дээд хэмжээг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо тогтооно.
/Энэ хэсгийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
14.8.Үндэсний зөвлөл дараах эрхтэй:
14.8.1.эрүүл мэндийн даатгалын байгууллагын бүтэц, дүрмийг батлах;
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.8.2.эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн хөрөнгийг тооцох, төрийн санд байршуулах, зарцуулах журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.8.3.эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг төрийн санд байршуулах, зарцуулах журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.8.4.эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагаас ирүүлсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, санал боловсруулах, эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх;
14.8.5.эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар мэргэжлийн нийгэмлэг, холбоо, шинжээч, даатгуулагч, хамтрагч талуудыг оролцуулсан байнгын болон түр ажиллагаатай ажлын хэсэг байгуулах, ажлын үр дүнг хэлэлцэх;
14.8.6.эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журам, тогтоол, зөвлөмж гаргах;
14.8.7.даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан батлах;
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.8.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.9.Үндэсний зөвлөл дараах үүрэгтэй:
14.9.1.эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг актуар тооцоололд үндэслэн боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих;
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.9.2.эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үйл ажиллагааны болон удирдлагын зардлыг хянах, үнэлэлт, дүгнэлт өгөх;
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.9.3.энэ хуулийн 9.1-д заасан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
/Энэ заалтыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хассан/
14.9.4.даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаар, энэ хуулийн 11.2-т заасан даатгуулагчийн төлөх төлбөрийн хэмжээг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тухай бүр тогтоох;
/Энэ заалтыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хассан/
14.9.5.эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох;
/Энэ заалтыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хассан/
14.9.6.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
/Энэ заалтыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хассан/
14.9.7.эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;
14.9.8.энэ хуулийн 9.1-д заасан Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.9.9.даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаар, энэ хуулийн 11.2-т заасан даатгуулагчийн төлөх төлбөрийн хэмжээг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тухай бүр тогтоох;
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
14.9.10.Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох;
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.9.11.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах.
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.9.12.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, чанарын болон санхүүгийн хяналтын асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус техникийн хороог тухайн асуудлаар мэргэшсэн шинжээч, судлаач, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, даатгуулагчийн оролцоотой байгуулж, ажиллах журмыг батлах, холбогдох шийдвэрийг техникийн хорооны дүгнэлт, зөвлөмжид үндэслэн гаргах;
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.9.13.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
/Энэ заалтын дугаарыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
/Энэ заалтын дугаарыг "14.9.13" гэж 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.10.Үндэсний зөвлөл нь улиралд хоёроос доошгүй удаа, шаардлагатай тохиолдолд дарга буюу гишүүдийн олонхын саналаар хуралдах бөгөөд хурлыг бүх талын оролцоог хангасан саналын эрхтэй гишүүдийн гуравны хоёроос доошгүйн ирцтэйгээр хуралдуулна.
14.11.Дараах үндэслэлээр Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг чөлөөлнө:
14.11.1.үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон;
14.11.2.хурлыг гурван удаа дараалан хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан;
14.11.3.бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан;
14.11.4.гэмт хэрэгт холбогдож гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон;
14.11.5.төлөөлж байгаа тал нь эгүүлэн татсан;
14.11.6.гишүүн нас барсан болон хуулиар тогтоосон чөлөөлөх бусад үндэслэл.
14.12.Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг Үндэсний зөвлөлийн гуравны хоёроос доошгүй гишүүний бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан, тодорхой шалтгаан бүхий хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурал үүрэгт ажлаас нь чөлөөлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.13.Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүн нь бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд гаргана.