16 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын байгууллагын чиг үүрэг
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.1. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.1.1.эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
16.1.2.эрүүл мэндийн даатгалын сан бүрдүүлэх, орлого, зарлагын тэнцвэрийг ханган ажиллах, үйл ажиллагаагаа тайлагнах;
16.1.3.даатгуулагчийг төлөөлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай тусламж, үйлчилгээ худалдан авах даатгалын гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих, дүгнэх;
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.1.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн өмчийн бүх хэлбэрийн эмийн сангаас бусад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг нь харгалзан сонгон шалгаруулах үйл ажиллагааг энэ хуулийн 14.9.11-д заасан журмын дагуу зохион байгуулах;
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
16.1.5.даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавьж, энэ хуулийн 14.8.7-д заасан журамд тусгагдсан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгох;
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.1.6.энэ хуулийн 14.9.1, 14.9.8-14.9.11-д заасан асуудлаар санал боловсруулж холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн Үндэсний зөвлөлөөр шийдвэрлүүлэх;
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
16.1.7.эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын гүйцэтгэлд санхүүгийн хяналт тавих;
16.1.8.эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;
16.1.9.Үндэсний зөвлөл болон бусад эрх бүхий этгээдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай мэдээ, тооцоо, судалгаагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;
16.1.10.эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлэх, даатгалын үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үр дүн, өртөг зардал, шимтгэлийн хувь хэмжээ тогтооход шаардлагатай тооцоо, судалгаа хийх, санал боловсруулах, эрх бүхий этгээдэд уламжлан, шийдвэрлүүлэх;
16.1.11.эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, даатгуулагчийг шаардлагатай мэдээллээр хангах;
16.1.12.даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
16.1.13.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад энэ хуулийн 20.1.3-т заасан урамшуулал олгох журмыг батлах;
16.1.14.даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг нэхэмжлэх, түүнийг хянах, төлбөр тооцоог гүйцэтгэх, маргааныг шийдвэрлэх журмыг батлах;
16.1.15.эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журмыг батлах;
16.1.16.эрүүл мэндийн даатгалын асуудлаар журам, аргачлал, заавар гаргах;
16.1.17.даатгуулагчийг энэ хуулийн 9.4-т заасан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах товлолт хугацааг даатгуулагчид тухай бүр урьдчилан мэдэгдэж байх;
16.1.18.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
16.2.Төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг худалдан авах ажиллагааг эрүүл мэндийн даатгалын байгууллага гэрээний үндсэн дээр үе шаттайгаар гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
16.3.Энэ хуулийн 16.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг Засгийн газар батална.
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./