4 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын төрөл
4.1.Эрүүл мэндийн даатгал нь албан журмын болон сайн дурын нэмэлт даатгал гэсэн төрөлтэй байна.
4.2.Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна.
4.3.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 7.4, 7.5, 7.6 дахь хэсэгт заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.4.Энэ хуулийн 4.3-т зааснаас бусад гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл эрүүл мэндийн албан журмын даатгалд даатгуулж болно.
4.5.Эрүүл мэндийн албан журмын даатгалын үйл ажиллагааг эрүүл мэндийн даатгалын байгууллага эрхэлнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.6.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад ороогүй тусламж, үйлчилгээ авах зорилгоор иргэн эрүүл мэндийн сайн дурын нэмэлт даатгалд даатгуулж болно.
4.7.Эрүүл мэндийн сайн дурын нэмэлт даатгалын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий төрийн бус өмчийн даатгалын байгууллага эрхэлнэ.
4.8.Эрүүл мэндийн сайн дурын нэмэлт даатгалын харилцааг энэ хууль болон Даатгалын тухай хуулиар зохицуулна.