5 дугаар зүйл. Чөлөөт бүс байгуулахад баримтлах зарчим, угтвар нөхцөл
5.1.Чөлөөт бүсийг байгуулахад төрөөс дараах зарчим, нөхцөлийг баримтална:
5.1.1.бизнесийг дэмжих зорилгоор нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөнд суурилсан байх;
5.1.2.чөлөөт бүс байрлах бүс нутагт авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх буюу эдгээр дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой байх;
5.1.3.чөлөөт бүсэд ашиглах усны нөөц, эрчим хүчний хангамжтай байх;
5.1.4.хот байгуулалтын норм, дүрэм, стандарт, орон зайн нөхцөлийг хангасан байх;
5.1.5.чөлөөт бүс байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, байгууллага итгэл үнэмшилтэй ажиллах таатай орчин, нөхцөл бий болгох;
5.1.6.байгаль орчинд ээлтэй байх;
5.1.7.бүс нутгийн тогтвортой хөгжил, орон нутгийн эдийн засгийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн ажилтныг бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөөтэй байх.