6 дугаар зүйл. Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох, үйл ажиллагааг нээх, түр хаах /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.1.Монгол Улсад чөлөөт бүс байгуулах, түүний байршил, чөлөөт бүсэд олгох газар нутгийн хэмжээ, хилийн цэсийг тогтоох, өөрчлөх, татан буулгах, үйл ажиллагааны чиглэл, төрлийг тогтоох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
6.2.Чөлөөт бүсийг хилийн зурвас дахь газарт болон Засгийн газрын санал болгосон бүс нутагт байгуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.3.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил залгаа улстай эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэл, тэдгээрийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлыг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.4.Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, түр хаах асуудлыг Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.5.Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг нээх, түр хаах асуудлыг энэ хуулийн 6.4-т зааснаас гадна хил залгаа улстай байгуулсан олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл бий болсон тохиолдолд дипломат шугамаар шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
ЧӨЛӨӨТ БҮСИЙН УДИРДЛАГА