21 дугаар зүйл. Хэлний бодлогын үндэсний зөвлөл

МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Хэлний бодлогын үндэсний зөвлөл

21.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллана.

21.2.Зөвлөл есөн гишүүнтэй байна. Гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэн, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож, зургаан жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн дарга, гишүүн хүндэтгэх шалтгаанаар ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгч нөхөн томилно.

21.3.Зөвлөлийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч Зөвлөлийн гишүүдийн дотроос сонгож, гурван жилийн хугацаатай томилно. Зөвлөлийн даргыг хоёроос дээшгүй удаа улируулан томилж болно.

21.4.Зөвлөл жилд хоёр удаа тогтсон хугацаанд хуралдах бөгөөд зайлшгүй шаардлага үүссэн нөхцөлд ээлжит бус хурлыг Зөвлөлийн даргын шийдвэрээр зарлан хуралдуулна.

21.5.Зөвлөл орон тооны ажлын албатай байх ба түүний өдөр тутмын үйл ажиллагааг ажлын албаны дарга удирдан явуулна.

21.6.Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Зөвлөлийн бүх гишүүдийн хурлаар батална.

21.7.Зөвлөл дараах үүрэг хүлээнэ:

21.7.1.монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлого боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;

21.7.2.үндэстний цөөнхийн хэл, монгол угсаатны аман аялгууг судлах, хамгаалах, хөгжүүлэх, гадаад оронд суугаа монгол үндэстнүүд, олон улсын хэмжээнд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээ, сургалт судалгааг өргөжүүлэх, дэмжих чиглэлээр бодлого боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;

21.7.3.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан, дүгнэлт гаргасан кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг хэлэлцэн батлах;

21.7.4.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийн толь, үгийн сангийн толь болон бусад холбогдох толь бичгийг хэлэлцэн батлах;

21.7.5.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог хэлэлцэн батлах;

21.7.6.газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж нутгийн өөрөө удирдах байгууллагад илгээх;

21.7.7.төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулгыг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагаас ирүүлсний дагуу хэлэлцэн батлах;

21.7.8.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн кирил болон үндэсний бичиг рүү харилцан хөрвүүлэх, зөв бичих дүрмийн алдаа хянах программыг хэлэлцэн батлах;

21.7.9.төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;

21.7.10.энэ хуулийн хэрэгжилтэд жил бүр үнэлгээ хийж, үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид тайлагнах;

21.7.11.энэ хуулийн хэрэгжилт, зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авч, холбогдох эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх;

21.7.12.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагатай хамтран монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг хэрэгжүүлэх.

ЭРХ БҮХИЙ СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.