35 дугаар зүйл. Засгийн газрын өрийн баталгаа гаргах журам
35.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 33.7-д заасныг үндэслэн Засгийн газрын өрийн баталгаа гаргагчийн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
35.2.Энэ хуулийн 35.3-т зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 33.4-т заасан этгээдийн хийх зээллэгийн 85 хүртэлх хувьд, Хөгжлийн банкны хийх зээллэгийн 100 хүртэлх хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргаж болно.
35.3.Баталгаа гаргуулагч нь хийх гадаад зээллэгтэйгээ тэнцүү хэмжээгээр өөрийн эзэмшиж байгаа Засгийн газрын үнэт цаасыг барьцаалсан тохиолдолд тухайн зээллэгийн нийт дүнд Засгийн газрын өрийн баталгаа гаргаж болох бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн зөрүүнээс үүсэх эрсдэлийг баталгаа гаргуулагч этгээд хариуцахаар баталгааны гэрээнд тусгана.
35.4.Хөгжлийн банкны хийх зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх нийт төсөл, арга хэмжээнд эзлэх нийгмийн үр өгөөжтэй, эргэн төлөх чадваргүй төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртөг 15 хувиас хэтрэхгүй тохиолдолд тухайн зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргана.
35.5.Засгийн газрын гаргах өрийн баталгаа нь тухайн зээллэгийн үндсэн болон хүүгийн төлбөрт хамаарна.
35.6.Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагчийн төлөх шимтгэлийн дүнг тооцох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газраас баталж мөрдүүлнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
35.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь баталгаа гаргуулагч энэ хуулийн 34.2.6-д заасны дагуу зээллэгийн хөрөнгийг эргэн төлөх чадвартай эсэхэд эрсдэлийн үнэлгээг хийнэ.
35.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 35.7-д заасан үнэлгээг хийхдээ хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын дэмжлэг, эсхүл зөвлөх үйлчилгээг авч болно.
35.9.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь зээлдүүлэгч болон баталгаа гаргуулагчтай баталгааны гэрээг, баталгаа гаргуулагчтай авлага барагдуулах гэрээг тус тус байгуулна.
35.10.Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавигдах шаардлага, авлага барагдуулах журам, гэрээний загварыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулж, Засгийн газар баталж, мөрдүүлнэ. Засгийн газрын өрийн баталгааны гэрээнд энэ хуулийн 37.4-т заасан нөхцөлийг тусгана.
35.11.Засгийн газрын өрийн баталгааны гэрээ нь баталгаа гаргуулагч энэ хуулийн 35.6-д заасны дагуу шимтгэл төлснөөр хүчин төгөлдөр болно.
35.12.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өрийн баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ болон гэрээний хэрэгжилт, зээлдэгчийн төлбөрийн чадварын байдалд жил бүр эрсдэлийн үнэлгээ хийнэ.
35.13.Засгийн газрын өрийн баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ болон Засгийн газрын өрийн баталгааны гэрээ, түүний хэрэгжилт энэ хуульд заасан нөхцөл шаардлагад нийцэж байгаа эсэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавих эрхтэй.