34 дугаар зүйл. Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагчид тавигдах шаардлага

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагчид тавигдах шаардлага

34.1.Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагч /цаашид "баталгаа гаргуулагч" гэх/ гэдэгт Хөгжлийн банк болон энэ хуулийн 33.4-т заасан этгээдийг тус тус ойлгоно.

34.2.Баталгаа гаргуулагч нь дараах шаардлагыг бүрэн хангасан байна:

34.2.1.сүүлийн гурван жил санхүүгийн тайлан тэнцлээр ашигтай ажилласан байх;

34.2.2.хугацаа хэтэрсэн өргүй байх;

34.2.3.зээлдүүлэгч байгууллага нь баталгаа гаргуулагчтай нэгдмэл сонирхолгүй, хамааралгүй этгээд байх;

34.2.4.Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 33.3-т заасан шаардлагыг хангасан байх;

34.2.5.холбогдох мэдээлэл, тайлан тооцоо, баримт бичгийг хуульд заасны дагуу, үнэн зөв бүрдүүлсэн байх;

34.2.6.Засгийн газрын өрийн баталгаа гаргуулж байгаа зээл, үнэт цаасыг эргэн төлөх чадвартай байх.

34.3.Баталгаа гаргуулагч нь дараах нийтлэг үүрэгтэй:

34.3.1.баталгааны гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх;

34.3.2.гэрээнд тусгагдсан нөхцөлөөр зээллэгийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх;

34.3.3.төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтмол хүргүүлэх, эдгээр тайлан, мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах;

34.3.4.баталгааны шимтгэлийг тогтоосон хугацаанд бүрэн төлөх;

/Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчөлт оруулсан./

34.3.5.энэ хуулийн 37.6-д заасны дагуу авлагыг үл маргах журмаар төлж барагдуулах.

34.4.Хөгжлийн банкны хийх зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргаж байгаа тохиолдолд энэ хуулийн 34.2.1-д заасан шаардлага хамаарахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.