33 дугаар зүйл. Засгийн газрын өрийн баталгаа, түүнд тавигдах шаардлага
33.1.Засгийн газар нь Хөгжлийн банкны авах зээллэгт болон энэ хуулийн 33.4-т заасан хуулийн этгээдийн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргаж болно.
33.2.Засгийн газрын гаргах өрийн баталгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4, энэ хуулийн 17.1-т заасан шаардлагыг хангасан байна.
33.3.Засгийн газрын өрийн баталгаа гаргах зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 18.5.2-18.5.4, 18.5.7-д заасан шаардлагыг хангасан байна.
33.4.Дараах этгээд нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зээллэг хийхдээ Засгийн газрын өрийн баталгаа гаргуулахаар тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүсэлт тавьж болно:
33.4.1.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд;
33.4.2.энэ хуулийн 33.4.1-д зааснаас бусад дотоодын хөрөнгө оруулалт бүхий Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд.
33.5.Энэ хуулийн 33.4-т заасан хүсэлтийг тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.6.Энэ хуулийн 33.3-т заасан шаардлагыг хангасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгана. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
33.7.Энэ хуулийн 16.1-д заасныг удирдлага болгон Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт тухай бүр танилцуулж шийдвэрлүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.8.Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын өрийн баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа нь түүнийг санхүүжүүлэх зээллэгийн эргэн төлөх хугацаанаас илүүгүй байна.
33.9.Засгийн газрын өрийн баталгаа нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.
33.10.Засгийн газрын өрийн баталгааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ, тэдгээрийн эрсдэлийн тооцооллыг дараах баримт бичигт тусгана:
33.10.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн танилцуулга;
33.10.2.төсвийн төслийн танилцуулга;
33.10.3.төсвийн гүйцэтгэлийн танилцуулга.
33.11.Энэ хуульд заасан шаардлагыг зөрчиж Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг хориглоно.