4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."өр" гэж өрийн хэрэгслээр дамжуулан тодорхой хугацаанд төлөх хүү, үндсэн төлбөр болон холбогдох бусад төлбөрийн үүргийг;

4.1.2."өрийн хэрэгсэл" гэж бүх төрлийн зээл, үнэт цаас болон өр үүсгэх аливаа гэрээ, хэлцлийг;

4.1.3."өрийн удирдлага" гэж Засгийн газрын богино, дунд хугацааны санхүүгийн зардал, эрсдэлийн түвшинг тодорхойлсны үндсэн дээр стратеги боловсруулж хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах, хяналт тавих үйл ажиллагааг;

4.1.4."улсын нийт гадаад өр" гэж Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжээс Монгол Улсад бүртгэлгүй, байнга оршин суугч бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүргийг;

4.1.5."улсын төсөв" гэж Төсвийн тухай хуулийн 4.1.6-д заасныг;

4.1.6."Засгийн газрын өр" гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8-д заасныг;

4.1.7."Засгийн газрын өрийн баталгаа" гэж баталгаа гаргуулагч нь гэрээнд заасан төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд төлбөрийг баталгаа гаргуулагчийн өмнөөс төлж барагдуулахаар Засгийн газрын хүлээсэн үүргийг;

4.1.8."Засгийн газрын өрийн удирдлагын стратеги" гэж Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон бодлогын баримт бичгийг;

4.1.9."Монгол Улсын мөнгөний болон валютын зах зээлд нөлөөлөхүйц байх" гэж Засгийн газрын зүгээс тухайн үеийн мөнгөний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зорилтот үр дүн болон валютын зах зээл дэх төгрөгийн ханшид нөлөөлөх хэмжээ, нөхцөл бүхий үнэт цаас гаргах, гадаад зээллэг хийх, ашиглах, буцаан төлөхийг;

4.1.10."өрийн бүтэц" гэж өрийг эргэн төлөгдөх хугацаа, нөхцөл, валют болон бусад шинж чанараар нь ангилсныг;

4.1.11."өрийн үйлчилгээ" гэж тухайн төсвийн жилд хийгдэх өрийн үндсэн болон хүүгийн төлбөр, холбогдох бусад төлбөрийг;

4.1.12."өрийг дахин санхүүжүүлэх" гэж өрийн үйлчилгээг гүйцэтгэх зорилгоор шинээр зээллэг хийх үйл ажиллагааг;

4.1.13."өрийн хязгаар" гэж Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх дээд хэмжээг хувьчлан тогтоосныг; /Энэ заалтад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.14."зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээ" гэж тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр хийх зээллэг, гаргах өрийн баталгааны хэмжээнд Улсын Их Хурлаас мөнгөн хэлбэрээр хязгаар тогтоохыг;

4.1.15."зээллэг" гэж Засгийн газрын өрийн баталгаанаас бусад өрийн хэрэгслээр дамжуулан өр үүсгэхийг;

4.1.16."зээллэгийн төлөвлөгөө" гэж Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичигт үндэслэн өрийн хэрэгсэл тус бүрээр гаргасан төлөвлөгөөт хуваарийг;

4.1.17."гадаад зээл" гэж Монгол Улсад бүртгэлгүй, байнга оршин суугч бус аливаа этгээдээс олгосон өр үүсгэх хөрөнгийн эх үүсвэрийг;

4.1.18."хөнгөлөлтийн түвшин" гэж зээлийн нэрлэсэн үнэ болон өнөөгийн үнэ цэнийн хоорондын зөрүүг тухайн зээлийн нэрлэсэн үнэтэй харьцуулж, хувиар илэрхийлснийг;

4.1.19."Засгийн газрын үнэт цаас" гэж Засгийн газраас энэ хуульд заасан зориулалт, журмын дагуу арилжаалсан өрийн бичгийг;

4.1.20."аймаг, нийслэлийн үнэт цаас" гэж аймаг, нийслэлээс энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, зориулалт, журмын дагуу тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй дотоодын зах зээлд арилжаалсан өрийн бичгийг;

/Энэ заалтыг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.1.21."төсөл хэрэгжүүлэгч" гэж гадаад зээллэгийн хөрөнгөөр санхүүжих төслийн хэрэгжилтийг хариуцах чиг үүрэг бүхий олон улсын гэрээ, төслийн баримт бичиг, гэрээнд оролцогч талуудын хооронд байгуулсан бусад тохиролцлын баримт бичигт заасан эрх бүхий байгууллагыг;

4.1.22."болзошгүй өр төлбөр" гэж Төсвийн тухай хуулийн 4.1.48-д заасныг;

4.1.23."төсөл, арга хэмжээ" гэж Төсвийн тухай хуулийн 4.1.17-д заасныг.

4.1.24."аймаг, нийслэлийн үнэт цаас" гэж аймаг, нийслэлээс тодорхой төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх, өмнө гаргасан үнэт цаасаа дахин санхүүжүүлэх зорилгоор хууль тогтоомжоор тогтоосон нөхцөл, журмын дагуу олон нийтэд санал болгон, эсхүл нийтэд санал болгохгүйгээр хаалттай хүрээнд арилжаалах өрийн бичгийг. /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.